Titem ug Bagabandi

110
Н.Багабанди:Тусыг тусаар Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ. Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”. Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж

Transcript of Titem ug Bagabandi

Page 1: Titem ug Bagabandi

Н.Багабанди:Тусыг тусаарДэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ.

Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”.

Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана.

Хүний тусыг голж чамлаж болохгүй. Туулайн чинээ тусыг зааны дайтай бодон хүлээж авбал өгөөжөө өгнө. Сайхан сэтгэлээр хүргэх гэсэн тус саад болон гай тарьж ч болно. Түүнийг тус болох гээд ус болох гэж хураангуйлан илэрхийлдэг. Тэгэхээр сайн санасан

Page 2: Titem ug Bagabandi

тус болгон сайн үр дагавартай байж чаддаггүй ажээ. Чамд ирсэн тусыг үзүүлэх ёстой л тус гэж үзэх биш, тусалсанд нь ямагт баярласан сэтгэлээр хүлээж авч байх хэрэгтэй. Тэвдэхийн үед төрлийн сайн танигдана гэх үг бий. Ойрын хүмүүсээ тэвдэж ядарч явахад нь гуйлгаж, хүлээлгэлгүй туслах хэрэгтэй. Май гээд өгчихөх чадалгүй бол яав гээд асуучих. Тэр чинь сэтгэлийн том тус. Зовлон жаргалаа хуваалцана гэдэг нь сэтгэлээсээ өгөх туслалцаа дэмжлэг мөн билээ. Түмэн олны тус яндашгүй их. “Түмэн лантай явахаар түмэн олонтойгоо яв”. Сандарч мэгдэхийн цагт садан төрлөөс чинь дутахгүй түмэн олон тусална. Сайн сайхан яваа чинь түмэн олны тус дэмийн ач. Түүгээр тэжээгдэж чи өдий зэрэгт хүрсэн. Чиний дуулж байгаа дууг үзэгч олон сонсохгүй бол, чиний бичсэн шүлгийг уншигч олон таалахгүй бол, чиний зурсан зургийг түмэн олон таашаахгүй бол яах вэ? Бүтээлийг нар сар, навч цэцгэнд зориулж туурвиагүй, хүнд, түмэн олонд зориулсан мэдээж. Та нарын бүтээлийг сонсох, унших, харах бүртээ баяр баясгалангаар бялхаж байдаг олон түмний тус дэмээр л онгод хийморь чинь хөглөгдөж, авьяас билэг чинь ундарч яваа. Уран бүтээлч нэг талаас түмэн олондоо оюуны өглөг хайрлаж, сэтгэлийн таашаалыг хүртээж, тэдэнд том тус дэм болж байдаг нь үнэн. Нөгөө талаас олон түмний дэм тусгүйгээр туурвисан бүтээлийн чинь үнэ цэнэ дээш мандан цойлохгүй хөлийн өлмийд ойчих нь бас үнэн. Түмний хүлээлгэсэн итгэл найдвар улам ихийг, бүр сайныг хийж бүтээх сэтгэлийн тэнхээнд чинь дундаршгүй хүчийг сэлбэн нэмж, авьяас билгийн чинь гал дөлийг бадраана. Олон түмний хүндлэл бишрэл гэж ямар айхтар зүйл байдаг нь ч аяндаа ойлгогдоно. Од болон гялалзан мандах амархан. Олны итгэлийг даалгүй ойчих бүр амархан гэдгийг санаж бодож явууштай.

Багш нар олны тусын тулд, ирээдүйн үйл хэргийн төлөө үнэхээр бахдам үйлийг бүтээж байгаа хүмүүс. “Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг” юм. Бусдын тусын тулд өөрийгөө зориулахаас илүү буянтай ажил хаа байх вэ. Хэдэн үеэрээ амьдрах орон байрыг халуунд халж, хүйтэнд хөрж, шавар будаг, тоос шороотой зууралдан байж барьж босгосон барилгачид мартах аргагүй тусыг бидэнд хүргэж байдгийг тэр бүр ойшоодоггүй. Мөнгийг нь төлөөд байраа авч байна, барилгачдын тус гэж юу байхав гэж бодох хүн байхыг үгүйсгэхгүй. Барилгачнаас өөр хэн ч дийлж дөнгөхгүй хүнд бөгөөд нарийн ажлыг хийхдээ өрсөн тоосго, наасан хавтан, угсарсан хоолой бүхэнд ур чадвар, сэтгэл зүтгэл, хөлс хөдөлмөрөө шингээн ирээдүйн эздэд нь их тус хүргэснийг эрхбиш үнэлж талархах чадвартай болох ёстой.

Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил. Бусдын жаргалант амьдралын төлөө аюулт өвчинтэй тулалдах эмч нарын үлэмжийн гавьяат, баатарлаг хөдөлмөрийг юутай ч зүйрлэж харьцуулашгүй. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг гэгээн ачлал хаана байх билээ. Эмч нар эмнэлэгээс эдгээд гарч буй хүний гараас нь чихрийн цуглуулга биш, нүднээс нь баярласан сэтгэлийн оч олж харахыг хүсдэг юм. Түүнийг хүн болгон өгч чаддаг билүү? Үхэх гэж байгаа хүнийг босгоод ирж байхад баярлахгүй байж болно гэж үү? Тус болсон хүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж сурах нь том соёл, хүн ёсны үүрэг юм.

Нийтийн автобусанд явсан зорчигч “баярлалаа” гэж хэлэхэд нь тийм эелдэг үг төдийлөн сонсож байгаагүй үйлчлэгч нулимсаа барьж чадалгүй уйлсан тухай яриаг сонсоод инээлддэг байж билээ. Уг нь инээж шоолох юм биш. Баярлалаа гэх ганцхан үг хүний сэтгэлийн хөвчийг ямар хүчтэй хөндөж чадаж байна вэ гэдгийг ухаарах ёстой юм.

Page 3: Titem ug Bagabandi

Тус болох хүнээ түшиж ойртож яв. Түшээд ирснийг бүү түлх. Түлхэснийг харин бүү түш. Хүнд үзүүлсэн тус, сайн санасан сэтгэл бүхэн эргээд тийм хариуг заавал авч ирнэ гэж эргэлтгүй итгэн хүлээн найдах хэрэггүй. Тус хүргэсэн халуун сэтгэл рүү чинь хүйтэн ус цацах хүн цөөнгүй гэдгийг мэд. Тус болъё гэж зорьсон ариун итгэлийг хадгалж даалгүй, гомдоон мохоох хүн бийг тооцож бодож бай.

Сэтгэлээсээ үзүүлэх ач тус доошоо намдан нугдайж, өгөө авааны зарчимд суурилсан тус өөдөө өндөрсөн цогнойж байгааг цаг зуурын гажиг гэж найдан, сэтгэлээ тайтгаруулая. Хариу нэхээгүй тус, сэтгэлээсээ хайрласан тус ханш нь буурах ёсгүй гэдгийг хүн бүр бодож ухаарч яваг.

Н.Багабанди:Үгний алдаанаас үргэлж хол явХүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой бүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.

Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. “Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ёсгүй” гэж дорнын сударт бичжээ. “Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй” гэж өөр нэг номонд өгүүлжээ. Худлыг үнэн гүйцдэг жамтай. “Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг”. Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадахаа ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан яривал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Үнэн үүдэнд, худал хойморт залрах цөвүүн цагт худалч оодрон, хууль завхарна. Энгийн цагаан худалчийн үг инээд тохуунаас хэтрэхгүй. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Өөрт нь буй хамгийн нандин өр зүрхний итгэлийг үгээр илбэдэн авч, үйлээр хариулалгүй мартаж, хөсөр хаян орхих нь адгаас адаг хорлол. “Үнэнийг хэдий чинээ хааж нууна, утгагүй худал үгийг төдий чинээ амилуулна гэсэн үгээ”. Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Ганцхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугарч байх нь таны үүрэг.

Ховчийн үгийг бүү сонс. Сонслоо ч нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачих. Ховчийн үгийг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч хэрэггүй. Ховтой газар хэрүүл буглана. Хов жив уруул шүд мэт ойр дотно байсан хүмүүсийг ч уралцуулан эвдрэлцүүлнэ. Хоорондоо зай барьж, завсар үүссэн хүмүүсийн дунд мөсөн хана босгон, хөргөн холдуулна. Зусар

Page 4: Titem ug Bagabandi

бялдуучдын үндсэн ажил нь хов зөөх. Ховч, ховоор хоол хийгч хоёул таарсан таар шуудайнууд. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг тэд бие биенгүйгээр байж суухын аргагүй. Ховч бялдуучид чадвар муутай учир хоолоо олж идэх, амьдрах арга нь хов зөөж зулгуйдах, тал алдалгүй гүйх. Ховч нар зусардаж байгаа хүнийхээ таалалд нийцсэн, хүсэж байгаа үгийг олж дамжуулах мөрөөдөл нь өдрийн бодол, шөнийн зүүд. Үнэмшилтэйгээр зохион ярьж, хутган үймүүлэх нь ховч бялдуучдын үндсэн мэх. Ховч, хутган үймүүлэгчдийн хар балгаар улс орон үгүйрэн доройтож, бусдын идэш болж байсан баримт хүн төрөлхтний түүхэнд бишгүйдээ бий. Ховчдын гайгаар төр самуурч, түмэн үймж байсан жишээг захаас аван дурьдаж болно. Хүмүүсийн хооронд яс хаяж дундаас нь ашиг олж амь зогоогсодыг нэр хаягаар нь мэддэг, тэдний тухай шүд зуун ярилцдаг мөртлөө үгээр нь үг хийгээд байдаг нь хачирхмаар. Хүмүүсийн эргэлзээ, хартай бодол дээр нь тоглож, хагаралдуулах нь ховч бялдуучдын түгээмэл хэрэглэдэг арга.

Өөрийгөө зөвтгөн, бусдыг муу хэлдэг хүнээс ямагт жийрхэж яв. Өөрийн нэгэн дутагдлыг ухаарах нь бусдын зуун алдааг олж харснаас хавьгүй дээр. Хүний алдааг харахдаа өөрийн алдааг цуг сана. Хайрласан нүд хазгайг олж хардаггүй. Гэхдээ хамгийн ойр хүмүүсийнхээ алдаа согогийг хамгийн түрүүн олж харж, онож хэлж өгөх нь чиний бусадтай хуваалцалгүй хийх ажил. Хүний тухай чамд хов жив дамжуулж байгаа нөхөр эргээд чиний тухай түүнээс таарууг ховлож чадахыг мэд. Бусдын амьдралд сөргөлдөөн, эвдрэл үүсэх арга заль зохиож, хүний тухай элдэв муу юм ярихын оронд тэднийг бүх талаас нь ойлгон уучилж, бусдын тухай ярихдаа сайн чанар, сайхан үйлийг нь хөхүүлэн дурс. Атаархан маргаж, эв эеэ самарч явснаас бусдынхаа амжилтанд баясаж, баяр жаргалыг хуваалцан, бие биеэ дээдлэн хүндэлж, итгэж найдаж явахыг хичээ.

“Чалчаа хүн бусдын хайрыг татах гэж уурыг хүргэнэ. Тус болох гэж түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана”. Дэмий чалчаа яриаг дэврүүлж хөөргөх, утгагүй яриа хөөрөөнд урам өгч сонсох хэрэггүй. Чалчаа яриа илэрхий хор үгүй. Яриа сунжирсаар хайран цагийг яйран хийж сүйтгэн, эрч хүчийг барна. Чалчаа үг үнэнд хөтлөхөөсөө илүү төөрөгдлийг тэтгэнэ. Чалчин ярьж цэцэн болохгүй. Бусдыг муу хэлэн чалчиж, өөрийг чинь магтан чалчигчийн үгийг аль алийг нь бүү сонс. Өглөөний нарнаар анд нөхдөө доромжлон чалчиж, үдэш орой өршөөл хүсэн нахилзах хүнд итгэх аргагүй. “Чалчаа хүн бол хэн бүхний уншиж болох ил захидал мөн”. Хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэсэн сургамжтай үг бий. Чалчаа хүн гэрийн үг, хээрийн үгээ ч ялгаж салгахаа больдог юм. Шалихгүй бороо шавхай уддаг бол чалчаа яриа үер буулгаж ч мэднэ. Чалчаа яриа бол хүнд суусан гэм согогийн сүйтгэл багатай нэг илрэл юм. Нөхрийн гэмийг засахад тусал. Хэт их чалчаа болчихоогүй дээр нь хэлж ярьж хязгаарла. Хожуудсан тусламж хэнд ч хэрэггүй. Дараа гэж юуг ч бүү хойш тавьж бай. Хойш тавснаас хожно гэж үгүй. Өөлөх согогтой нөхөртөө өгөөмөр сэтгэлээр тусал. Өгөөмөр байна гэдэг ихийг бус цагийг олж туслахдаа байдаг. Ямар нэг зүйлийн тухай дэндүү их яривал бүхий л таашаал үгүй болдог болохоор хэмжээ дамжааг тааруулж сурах нь зөв. “Дуугүй байх нь хүний хамгийн үнэнч анд юм” гэсэн мэргэдийн үг арай хэтрүүлсэн аястай ч хэмжээ хязгаараа үл мэдэн чалчих хэмжээнд очиж арай ч болохгүй ээ.

Хүний сэтгэлийг шаналгах хатуу ширүүн, хараал зүхлийн үгийг бүү хэл. Сэтгэл өвтгөм үгийг зөөлөн хэллээ ч хатуу буудаг юм. Боловсролгүй, донгио байдлыг бүдүүлэг яриа чинь шууд нотлоод өгнө. Бүдүүлэг үг ярианаас бүр хол яв. Бүдүүлэг үгийг өөрөө

Page 5: Titem ug Bagabandi

хэрэглэхгүй байхын хамт бусдаас сонсохгүй байхыг хичээ. “Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга, хүмүүс та нарыг ялгаж зааглаж чадахгүй болж мэднэ”. Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярлаж суудаг гэдэг. Бүдүүлэг аашаараа бусдыг баясгана гэдэг бүдүүлэгийн дээд бүдүүлэг билээ. Хорон үгээр хүнийг булж, бухимдуулж болохгүй. Хорон үг мэснээс ч аюултай гэж монголчууд ярьдаг бол хорон үг хурц хутга гэж германчууд хэлдэг юм билээ. Аль аль нь сэтгэлийг шархлаах хорон үгний аюулаас сэрэмжлэн болгоомжлуулж хэлсэн үг.

Доромж тохуу нь хатуу ширүүн үгний нэг хэлбэр. Доромж тохуу үгс хүний эрхэм чанарт эрээгүй халдаж, доош хийн доромжилж, сэтгэлийг эвдэн бусниулах хортой тул түүнээс аль болох зайлсхий. Хүнийг дутуу, эмзэг зүйлээр нь дуудан элдэвлэж болохгүй. Барагдашгүй хорогдошгүй гомдолд хөтөлж, дуусашгүй, дундаршгүй хэрүүлд чангаахаас өөрийг үл авчирна. Хийгээгүй муу үйлийг хийсэн болгон гүтгэх шиг аюултай амны алдас үгүй. Үйлдээгүй мууг үйлдсэн мэтээр хардагдах шиг сэтгэлийн шаналан бас үгүй. Гүтгэгдсэн, хардагдсан хүний дотор сэтгэл шатаж байдаг билээ. Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй. Зовлон шаналангаа өөрөө эдэлж, цагаадаж цайрахын гэгээн өдрийг хүлээн суух болдог юм. Энэ яваа насанд нүгэл хилэнц, муу муухай бүгд сайн бүхний орон зайг эзлэн хургаснаас хүнийг оргүй хоосонд шууд гүтгэх, сургаар дам гүтгэх, захиалгаар санаатай гүтгэх ад зэтгэр шүглэн зовооно. Бусдыг бузар явдалд гүтгэмээр санагдаад хэл чинь загатнаад байвал халбага давс амандаа хийчих. Тэр гэм зэмгүй хүнд гүтгэлэг гөрдлөг ямар гашуун сонсогдохыг амандаа хийсэн давсны амтаар ч болов өөрөө мэдрэг. Үгний алдаанаас үргэлж хол яв.

Өнөөдөр тааруу зүйлсийн тухай бишгүй ярилаа. Залуус та нарыг амны алдаа бага хийж, муугаас зайлж, муухайгаас холхон явахыг сануулж энэ бүхнийг хэлж байгааг ойлгон тунгаагаарай.

Н.Багабанди:Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүйАлдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлж эрдэж явахдаа дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.

Аавын хүү аагинд дийлдэнэ. Ааг омогтоо дүрэлзэн шатаж, дүүлэн хөөрөх нь сайн сайханд хөтлөхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж дэврэх, дэвэргэх аль аль нь зуурдын л хөөрөл болохоос мөнхөд хөхөөх дуудлага биш. Хөнөгөндөө багтаж ядан хөөрөн дэврэх хорслын ааг хавьтснаа хаман урсах үерийн ус мэт гашуун зовлонг зөгнөн, бусдад гай тарьж, хор хүргэхдээ өөрийг чинь живүүлэн сүйтгэх гаслангийн үрийг суулган үлдээдэг юм. Гаслангийн үр цацчихаад авралын хишиг хүлээнэ гэдэг нь овьёос тариалчихаад буудай хураан авахыг мөрөөдөхтэй л адил. Ааг омгоор бусдыг дийлж чадах мэтээр

Page 6: Titem ug Bagabandi

сагсууравч адаг сүүлдээ хорслын аагиндаа дийлдэн шалчийна аяндаа. Атаа жөтөөний ааг, аюулын хорыг ялгаруулна. “Атаат санаа алаг нүдэнд торсон өргөс, аюулт түүнээс болж саруул мэлмий сохорч мэднэ”. Атаа жөтөөнд ааглуулсан хүн өөрөө өөртөө дайсан болж, өөрийгөө тамлан зовоон амьдрах нь харамсмаар. Атаа хорсол ухаант хүмүүнийг ирлэн хурцалж, ухаан муутыг илээн мохоодог эд шидтэй.

Зөв замаар яваа хүнийг буруу тийш нь залж, буртаглан эвдэх зүсэн зүйлийн хорлол дотроос эрх мэдэл, хөрөнгө мөнгө хоёр эрлэг лугаа хүчтэй. “Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн” гэдэг. Нэгэнт сайн дураар хагацаж чадахгүй болохоор ямар ч үнээр атугай байр сууриа хадгалан хоргодохыг оролдох нь тэдэнд бүхнээс чухал үйлс мэт. Эрх мэдлийн аагинд хүлүүлсэн хүн буруу үйл хийхээ бурхнаас заяасан тавилан мэтээр аашлана. Эрх мэдлийн аагинд халуурч яваа хүн түүнийгээ ашиглан юу хийхээс ч буцахгүй болтлоо өөрийгөө бусдын өмнө доошлуулан, зэрлэгшинэ. Өчигдөрхөн сайн үнэлгээтэй явсан хүн өнөөгийн эрх мэдэлдээ цадан бялуурвал өглөө баярлуулаад орой гомтгодог өөрийн байр суурьгүй, хөгийн нөхөр болон төрөл арилжина. Эрх мэдлийг буруугаар ашиглахын хэрээр эрдэнэт биеэ эвдэн доройтуулна. Жингээсээ хүндээр цохихыг оролдох нь жижиг мөртлөө том санаатай хүний ааг араншин. “Хэтээ мэдэхгүй ноён явахаар хэмжээгээ мэдэх боол явсан нь дээр”.

Буруу замаар олсон хөрөнгө мөнгө зөв замаар зарагдах нь бага. Буруугаар зарагдах мөнгө хөрөнгө бусармаг үйлдлийг дагуулна. Буруу бусармаг үйл нь бие сэтгэлийг эвдэнэ. Бэл бэнчингийн аагиндаа эрдэж бярдаж эхэлбэл биеэ эвдэн, хүнээ алдах аюул мөр мөшгөн дагана гэдгийг бийлэгжүү хүмүүс бодож ухаарч яваг.

Аавын хүү аашинд дийлдэнэ. Хүн бүхэн өөрийн гэсэн ааш авиртай. Юм бүхэнд хэмжээ дамжаа хэрэгтэй. Илүүдсэн бүхэн хор болдогийн адил ааш хэтэрвэл амьдралд цөвтэй. Ааш авираа өөрөө захирах учиртай. Хэрээс хэтэрсэн аашиндаа хүн өөрөө дийлдэн хүлээ баглаатай зовно. Хүний түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож болдоггүйтэй адил өөрийн аашаар өрөөлийг захирах амаргүй. Илүү дутуу ааш араншингүй хүнтэй эвлэж зохицох амархан. Олон ааштай хүнтэй ойртон нөхөрлөх хэцүү. Сайхан ааштай мөртлөө саар мууг сэдэгчид бий. Муухай аашлах хирнээ машид сайхныг бүтээгчид бас байна. Авьяас чадвар чамбай мөртлөө аашнаасаа болж алдагсад цөөнгүй. Ааш гэж адсага болсон хүнээс алс холуур дөлж яв. Муухай зантай хүн мундахгүй балгийг тарина. Авиргүй аашлах нөхрөөс амжиж хурдан холд. Бар мэт явснаа хонь мэт номхрох нь барьцгүй аашны шинж. Гайгүй намуухан байснаа галзуу бар шиг авирлах нь гаж аашийн тэмдэг. Хорт могой ойроос хатгадаг бол хорон ааштанд хол ойрын ялгаа үгүй. Шударга үг чихэнд хатуу ч явдалд тустай болохоор анд нөхрийнхөө ааш зангийн алдаа оноог алдалгүй хэлж тусал.

Аавын хүү алиг шалигт дийлдэнэ. Гэрээс гадуур гэдэн годон явдалтай хүнийг монголчууд алиг хэмээн нэрлэж иржээ. Зөв явдалт хүнийг буруу зам руу хазайхад алиг шалиг зан амархан түлхэж дөнгөнө. Авир тогтворгүй хүн алиг шалиг явдалд амархан дийлдэн сөхөрнө. Энэтхэг гүрний эцэг хэмээн нэрлэгддэг Махатма Ганди “эхнэрээсээ далдуур өөр эмэгтэйтэй хавьтахгүй” гэж ээждээ тангараглан харь газар сурахаар одож байжээ. Энэ үйлдэл тэр их агуу хүний ариун ёс журмын илэрхийлэл бөгөөд бусдад үлгэр дууриал, сургамж болон мөнхөрч үлдсэн байна. Алиг шалиг явдал гэр бүлийг хутган үймүүлж, улмаар салж сарнихын үндэс болдог байна. Гэр бүлийн хүчирхийлэлийн нэг үндсэн

Page 7: Titem ug Bagabandi

шалтгаан нь алиг шалиг явдлаас эхтэй. Хүний амьдралын чухал түшиг тулгуур бол итгэл мөн. Алиг шалиг зан итгэл хүндэтгэлийн дайсан, эвлэрэл зохицолын садаа. “Гунигт тавилан тэнгэрээс унаж ирдэггүй, харин хүний тэнэг мунхагаас үүсэн гарна”.

Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй. Алтан дэлхийг аашаар засахаар оролдсон оролдлого бүр хумхийн тоос болон хийсч, замхарч байлаа. Аргаар засахаар хийсэн алхам бүр амжилт олж ирэв. Аашны муугаас салан одох хялбар, арга чарга хайж нэгдэн уулзах хэцүү. Аашны муугаар туйлан амжилт ололтын адаг эцэст хүрэхгүй. Уур уцаараар учрыг олж, учигийг тайлахгүй. Уужуу талбиу ухаанаар аргыг олбол бэрхийг давж, сайнтай золгоно. Аашийг нь сурахаар аргыг нь сур гэж бидний дээдэс сургамжилсан. Хүчээр зуун ажлыг нугалж болох ч аргаар мянган ажлыг гүйцээж болно. Ажлыг аргаар, хэцүүг эвээр шийдэж байж хорвоогийн түмэн бэрхийг даван туулна. Ааштай хүн нэрээ барахаас алдраа мандуулахгүй. Аргатай хүн хамгийн муугаар бодож, хамгийн сайнаар хийдэг юм. Аргыг олно гэдэг шударга байхын нэр. Зөвд өд шиг зөөлөн, бурууд өргөс мэт ширүүн байж шударга ёс батжина. Ховч хүний хоншоор урт гэдэг. Эвийг хов эвдэнэ. Ааш муутын адгийн шинж нь ховч байх. Ховчийн үгээр хоол хийж хорвоо дэлхийг засахгүй. Алтан хушуу өргөгчийн үгээр ажил үйлийг засна гэвэл ухаанаа уландаа чирснээс өөрцгүй. Арслан аатай ч арганд ордог шиг алтан дэлхийн явдал адармаа ээдрээтэй ч аргыг олбол зохицуулж болно. Уух ус олдвол хутгах шанага хэзээд олддогийн адил аргыг олбол алтан дэлхийг аяар засч, хорвоогийн алаг явдлын хойно нь гарч чадна.

Аавын хүү аагинд дийлдэнэ, аашинд дийлдэнэ, алиг шалигт дийлдэнэ. Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй.

Н.Багабанди:Сэтгэл ариун бол үйлс ариунTүмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм.

Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.

Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.

Page 8: Titem ug Bagabandi

Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал.

Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урьдах замыг чинь засч, угтах ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ.

Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шальдир бульдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам.

Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. “Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг” юм. Залуус та нарын сэтгэл ариун, үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишигийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. “Хүчирхэгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг”.

Ариун итгэл – амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. “Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй” ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшигийг ч бүтээж болно. “Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана” гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ.

Page 9: Titem ug Bagabandi

Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ёстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. “Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдрана. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй” хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ. Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугатан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай бид.

Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ

Н.Багабанди:Хүн сайтыг олж нөхөрлөСайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.

Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл

Page 10: Titem ug Bagabandi

хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.

Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн.

Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. “Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх” гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. “Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр” гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. “Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна” гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ёсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь “Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө”.

Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүүрнээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурханы сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй. Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий. “Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”. Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө.

Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй.

Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсөгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. “Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн

Page 11: Titem ug Bagabandi

зангаар удаан ханилж үл болох” гэж монгол ардын сургаалд өгүүлдэг. Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу.

Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод.

Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. “Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас чинь хавьгүй дээр” гэдгийг санаж яваарай. “Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш. Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр, надад хэн зусарднав тэр миний дайсан” гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. “Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу”.

Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.

Н.Багабанди:Номтой нөхөрлөе-Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол...- Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу?- Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу?

Н.БаганбандиМонгол Улсын Ерөнхийлөгч асан

Хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчид эрдэм номын гэрэлт өргөөндөө цуглан буй цаг мөч дор номтой нөхөрлөх тухай бүхний мэдэх сэдвээр ярьюу гэж зориглов.

Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соёлын асар их хөгжлийн эхийг тавьсан гэгээн түүхтэй. Номын нэр нь “Алмаазан судар”. Энэ үеэс ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор ирэв. Бидний үеийнхэн “ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгийг шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Зөвхөн цээжээр хэлж цэцэрхэх төдий ч биш ном хэмээх гэрэлт цонхоор ертөнцийн түмэн зүйлийг харж мэдэхийг хичээдэг байлаа. Олон ном уншсан хүүхэд “номын сайн нөхөр болно. Түүнээсээ ахиад “Д.Нацагдорж тэмдэгтэн” болчихвол бүр ч

Page 12: Titem ug Bagabandi

мундаг. Номтой нөхөрлөхийг ийнхүү хөхүүлэн дэмжиж, урамшуулан тэтгэдэг байж. Бахархан дурсмаар зөв бодлого. Хүүхэд, залуус ном унших нь багаслаа гэж багш нар сэтгэл зовнин өгүүлэх болов. “Уншихаа боливол сэтгэхээ болино”. Сэтгэхээ боливол хөгжил зогсоно. Үндэстэн доройтно.

Залуу андууд минь ном амтархан уншицгаа. Гэхдээ тааралдсан ном болгоныг толгой дараалан уншаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгтэй номоо уншиж, хэрэг болох зүйлээ авч сурах тухай зөвлөж байна. Ийм чадварыг номтой найзалсан залуу хүн болгон аяндаа чадамгай эзэмшинэ.

“Ертөнцөд сайхан ном олон байдаг. Гэвч тэдгээр нь гагцхүү түүнийг уншиж чаддаг хүмүүст сайхан юм”. Ном, шимтэн дурласан, уншиж нөхөрлөсөн хүндээ юугаар ч орлуулашгүй үнэт эрдэнэс. Тиймээс ч аугаа их В.Шекспир “Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй” гэж хэлсэн биз ээ.

Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол номтой хамгийн ойр шадарлан нөхөрлө!

Ухаан далай номноос эхтэй. Ном хэмээх хөлөг онгоцонд тухлан сууж ухааны хөлгүй далайгаар хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин, цэнгэлийг эдлэх боломж өдгөө залуу хүн бүрт тэгш заяасан байна. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаа. “Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн” гэж гүн ухаантан Ф.Бэкон хэлсэн. Эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны энэ хосгүй хөлөг онгоцны зорчигч байж чадахгүйгээр бага, залуу насаа илээвэл чиний амьдрал бүхэлдээ утга учиргүй, баяр цэнгэлгүй өнгөрнө.

Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу? Ном дотор ариун эрдмийн тариа будаа халиуран шаргалтан найгаж байдаг юм. Болц нь гүйцсэн тэрхүү тариа будааг гагцхүү номын садан болсон ухаант хүн л хурааж нөөцөлж авна. Номноос мэдэхгүйгээ олж мэднэ. Сонсоогүйгээ сонсоно. Амьдралын гэрэл гэгээ, эрээн бараан бүхнийг ном чамд таниулна. Ухаарал өгнө. Тунгааж эргэцүүлэх, жишин харьцуулах, ургуулан сэтгэх зай цэнэгийг номноос хураан цуглуулна. Гоо сайхны үлэмжийн таашаал хүртэнэ. Ном шинжлэх эрдмийн мэдлэг хайрлана. Номонд байхгүй юм гэж үгүй.

Ном хүн төрөлхтний яндашгүй баялаг. Өмнө өрөөстэй байгаа хоолыг харж суугаад цаддаггүйтэй адил хажууд өрөөтэй байгаа номыг харж суугаад тусыг эс олно. Хоолыг идэж байж цаддагтай адил номыг уйгагүй уншин судлаж байж л эрдэм мэдлэгийг чамбай хуримтлуулж авна. Ном, нөхөрлөсөн бүх хүнийхээ багш нь юм. “Багш гэдэг бол залуу оюуныг соён гийгүүлэгч юугаар ч сольж болшгүй нарны шим тэжээлт туяа” байдаг билээ. Хүн бүр багштай. Багшийн багш нь яах аргагүй эрдмийн их далай – ном гэдэгтэй хэн маргах вэ?

Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу? Мэдэхгүй, дутуу бүхнээ номноос асуу. Бүгдийг ой тойнд чинь ортол хэлээд өгнө. Нэгэн гүн ухаантнаас хэрхэн их эрдэмтэй болсныг нь асуухад “эс мэдсэнээ би ичихгүй асуудаг байсан” гэж хариулжээ. Юм мэдэхгүй байна гэж ном хэзээ ч чамайг элэглэн шоолохгүй. Чиний, мэдэхгүй байсан

Page 13: Titem ug Bagabandi

тухай хэнд ч өөнтөглөн ярихгүй. Гэсэн хэрнээ дутуу дулимаг бүхнээ ичиж зовохгүй, залхуурч назгайралгүйгээр асууж, шимтэн уншваас бүхнийг гүйцээн хэлж, гүйцэд туслах нэвтэрхий суутан ганцхан ном билээ. Баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгалгүй хүн бүхний оюуны хэрэгцээг ижил тэгш хангаж чаддаг алагчлалгүй шударга мөртлөө шавхагдашгүй ундаргат эрдмийн эх булаг бол ном. “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...” гэж ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай зүйрлэн хэлсэн байна. Тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөхийг хүсэмжлэх омголон дэврүүн залуу насны чинь онгод хийморийг хөглөгч агуу гайхамшиг ном мөн тул салшгүй сайн анд нөхөр чинь чухам ном байх учиртайг сэтгэл зүрхэндээ гүн бат тогтоож авцгаа.

Ном бол мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Номын ид шидийг амсаж мэдэрсэн хүн Соломон хааны нуусан эрдэнэсээс илүү баялгийг эзэмшиж, Монте Кристо гүнгээс баян болсондоо хөөрөн баясч, хөгжин бахдах нь урамтай.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл номын санд морилон тухлаарай. Номын сан бол өмнөх үе, одоо цагийн оюун ухааны дархчуулын туурвин бүтээсэн мэдлэг оюуны дээжис хадгалаастай ариун номын газар орон, хүн болгонд нээлттэй эрдэм мэдлэгийн сан хөмрөг, ирээдүйд хураан үлдээх дээдийн дээд өв хөрөнгийн ордон мөн. Залуус та нар хамгаас түрүүн, хэний ч урилга заллага, шахалт шаардлагагүйгээр яаран очих саруул өргөө нь номын сан болсон цагт тэрхүү гэгээн саруул өргөөнд тоосонд дарагдан цагийн аясаар шарлан хэвтэх ном хэмээх ид шидтэн мэдлэг боловсролын гэрэлт оргил өөд замыг чинь заан найдвартай хөтлөх болно.

Өөрөө уранхай, нөхөөстэй дээл эгэлдэргэлэх мөртлөө гэртээ байх ном судраа торго хоргойгоор баринтаглан дээдэлдэг судар номын өндөр соёлтой монгол түмний үр сад гэдгээ хүүхэд залуус та нар үргэлж санаж, сайн уламжлалыг тасалж болохгүй гэдгээ эгнэгт ухаарч явах хэрэгтэй. Ямар ч хүн хэрэгцээнийхээ хэрээр ашиглаж болох үнэт зүйлс ном шүү гэдгийг эрхбиш мэдэж, мэдрэх цаг болсон. “Хүн төрөлхтний бүх амьдрал номонд хуран цуглажээ. Овог, аймаг, хүмүүс, төр мөхөж байхад ном л хоцорч үлддэг. Ном бол хүн төрөлхтний хамт өсч, номонд оюун ухаан донсолгосон хамаг сургаал тогтнож, зүрх догдлом хүсэл эрмэлзэл шингэжээ.” Шилдэг сайн ном туурвин, оюуны сац суварга босгосон ном бүтээгч ухаантан мэргэдийг хүндлэн дээдэлье. Шимтэн уншиж, ширээний болгон хэрэглэх номыг зохиогчид нь өнөө, ирээдүй үеийнхэний өмнө зүйрлэх ижилгүй гавьяат үйлсийг бүтээн, оюуны өв болгон үлдээж байгаа мөнхөд дурсагдах буянтнууд. Тэднийг хайрлахгүй, хүндлэхгүй, бишрэхгүй байхын аргагүй. Та нарын шимтэн дурлаж байгаа компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн E-book буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн. Энэ бол ном соёлын салбарт гарсан хувьсгал байв. Энэ гайхалтай номыг орон зай, цаг хугацааны ялгаагүйгээр уншигчдад маш түргэн шуурхай хүргэх шинэ зам зурайн тодорлоо. Та нар дэлхийн аль ч өнцгөөс дөнгөж хэвлэгдсэн номыг ямар нэг татвар, төлөөс, тээвэрлэлтийн зардалгүйгээр цахим хэлбэрээр унших боломж бүрдсэн. Түүнчлэн ямар ч үнэ хөлсгүй мянга мянган цахим ном тараах эрхтэй интернэтийн урьд хожид байгаагүй үйлчилгээ бий болсныг олзуурхан хэрэглэж, оюунаа цэнэглэх бүхэнд нээлттэй алтан боломжийг

Page 14: Titem ug Bagabandi

бололцоогоороо ашиглах хэрэгтэй. Цахим ном өмнө төрсөн ах, эгч нараасаа олон давуу талтай. Хэрэгцээт мэдээллийг нүд ирмэх зуур хайж олж чадна. Цахим номыг хадгалахад илүү дутуу орон зай, шүүгээ тавиур хэрэггүй. Түүнээс гадна цахим номыг бага гэрэл, тэр ч бүү хэл харанхуй орчинд уншиж болно. Нүд чинь ядраад, залхуу чинь хүрвэл цахим номыг уншигч програм нь чанга дуугаар уншаад өгнө. Гагцхүү ашиглаж хэрэглэж сурах хэрэгтэй. Хүүхэд залуус та нар компьютерт шамдан суралцахтайгаа хамт гадаад хэлийг шимтэн сурах нь зайлшгүй чухал. “Олон хэл мэднэ гэгч нэг цоожинд таарах олон түлхүүртэй болно гэсэн үг” гэдгийг битгий мартаарай.

Ном уншихад гурван янз байдаг гэнэ. “Нэгдүгээрт уншаад үл ойлгох, хоёрдугаарт уншаад ойлгох, гуравдугаарт уншаад ойлгох төдийгүй бүр бичигдээгүйг ургуулан ойлгох”. Хүүхэд залуус та нарыг дор хаяж номыг уншаад ойлгодог, улмаар бичигдээгүйг ургуулан бодож ойлгодог чадвартай болоосой гэж хүсэж энэ бүхнийг яриад байгаа юм.

“Чин сэтгэлээсээ номыг эрхэмлэгтүн. Ном бол таны зөвхөн шилдэг нөхөр төдийгүй, хэзээд хамт байх үнэнч хань мөн”.

“Ном дор мөргөмү” гэсэн дээдсийн сургаалийг дээдэлж явцгаая.

Н.Багабанди:Хүн чанар“Байгаль дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм”. Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд “хугараагүй ноён нуруутай” аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай. Хүн чанараа гээгээгүй хүмүүн чухам аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох юм.

Хатуу хүтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүдчин туулахдаа хүн чанараа дусал дуслаар, ямх сөөмөөр хаяж гээн, нөхөж авалгүй дутаасаар төрөлх хүн чанар нь төрөл арилжиж, нүгэлт ертөнцийн сүүдэрт нуугдан хоргодон амьдрах дутуу тавилан цөөнгүй хүнд тохиодог. Энэ бол харамсавч үл барах үйл лай ажээ. Тэд аз жаргалын гайхамшигийг хүний дайтай амсаж чаддаггүй нь харамсалтай. Яагаад гэвэл “Хүн чанараа алдсаны шарх хэзээ боловч аньж эдгэдэггүй”. Аньж эдгээгүй шархтан аз жаргалыг эдлэх нь бүү хэл үргэлжийн зовлон шаналан дунд шар өдөр, бор хоногийг гунигтайхан өнгөрөөх нь ойлгомжтой. Хүн чанар гэдэг нь хүний сэтгэл, үйлдэл дэх сайн сайхан бүхний цогц, хэм хэмжээ юм. Хүн чанарыг хуульчлан тогтоож, тунгаар хэмжиж, жингээр тодорхойлж болохгүй ч амьдралын бичигдээгүй хууль хүн чанарын үнэлгээг алдаа мадаг багатай тодорхойлж өгдөг нь бодитой юм. Хүн чанараа гээгээгүй тэр эрхэм хүн, хүний дээд билээ. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсч, даван гарч чадсан нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлдэнэ. Амьдрал баян, жаргал зовлон хослон байдаг болохоор жаргалдаа

Page 15: Titem ug Bagabandi

ташуурч хүн чанараа алдах нэгэн байхад, зовлонд сөхөрч хүн чанараа баллах нөгөө нь тааралдана.

Жаргал даахгүйн зовлон гэж бий. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь халагламаар. Хэтэрхий тансаг амьдрал хүн чанарыг өгөршүүлэн өмхрүүлдэгийг чадал бололцоондоо эрдэж яваа залуу хүн бүр санаж сэрж байгууштай. “Алган дээр бэлхнээ чулуудаад өгсөн аз жаргал гэдэг аюултай, бүү автугай”. Бага залуудаа “ёстой хөөрхөн хүүхэд” байснаа өнгө мөнгө, эрх мэдэлд хууртан хүн чанараа гээж орхин томорсоор “ёрын муухай амьтан” болох ч учрал бий. Мөнгө гэдэг адтай. Нанчид ахиу хүртдэг хүмүүс архинд донтдогийн нэгэн адилаар мөнгөнд хэт шунавал донтон, хүн чанараа алдах аюултай. Мөнгөнд шунан дурлаж, олсон хэдийгээ буруу зүйлд заран замарвал хүн чанар сэвтэх зам руу хальтран гулсан орох болно. Өчигдөрхөн сайн хүмүүжилтэй, боловсон мэт байсан хүмүүс араатны шинжтэй, шуламын төрхтэй, хуурч дээрэмдэхэд бэлэн этгээдийн дүрд нүд ирмэх зуур хувилах нь хүн чанараа алдсаны шинж. Тэд нүдний өмнө цатгалан ихэмсэг царайлан төрөл арилжиж, нүглийн эзэд болон тодрох нь харамсмаар. Ийм муу юмны ад шүглэсэн хүмүүсийн харц нь хүртэл нэг л ондоо, харваас хуурамч, хорон муу санаатай, бүхнийг үл тоомсорлож, өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, цаанаа л нэг чөтгөрийн гэмээр төрхтэй болж догширдог. Өөрийн хэрэг бүтэж байвал өөр бусдынх хамаагүй гэж үздэг болсон бол хүн чанар чинь хол орхигдон хаягджээ гэж мэд. Хүмүүс өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ өрөөл бусдын амьдралд өөрийнхөө сүүдрийг унагахгүй байхыг чармайх хэрэгтэй аж. Эрх мэдэлд бялууран, түүний боол болсон хүмүүс хүн чанараа хүсэшгүй муухайгаар доройтуулдаг. Гагцхүү эрх мэдэл, ямар ч үнээр хамаагүй олж авсан эрх мэдлээс өөр юм бодолгүй ангасан мал ус руу гүйж байгаа шиг зүтгэвээс хүн чанараа хөсөр хаяж орхино. Ер нь эрх мэдлийн амтыг мэдэрсэн хүн баланд дурлах зөгий мэт түүнээс буцдаггүй гэдэг. Эрх мэдлээ хуулийн гадуур ашиглагчид хуулийн дээгүүр алхан байж хүсэл шуналаа гүйцэлдүүлнэ. Тэдний эрх мэдлийн хадуурын ирэнд гэм зэмгүй, мөрөөрөө хүн ард хуурай өвс адил хяргуулан хохирох нь түүнд юу ч биш мэтээр хүн чанар нь доройтдог. Эрх мэдлийн залуур дээр суугаа хэн боловч түүнийгээ буруу тийш нь залваас бусдад нөхөж баршгүй гай тарьж, өөрийн хүн чанарыг шавар шавхайтай хутгана. Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана. Хүн чанараа гээсэн этгээд энэ яваа насныхаа намтарт адгийн муугийн тамга даруулдаг нь харамсалтай. Адгийн муугийн “хар тамгатай” хүмүүсийн гол шинж нь шунал юм. Тэгэхдээ бүр арвич хямгач ч биш, тооцоотой ч биш, харин төрсөн эхээ ч мөнгөний төлөө худалдаж чадах гаж шунал. Ийм төрлийн хүмүүсийн хүн чанар шалдаа унаж, өөрийгөө тамлан зовоох түвшинд хүрэх нь элбэг. Тэд буруу замаар мөнгөжих, дахин дахин луйвардан цуглуулах шуналт хүсэлдээ бүрмөсөн автан уусаж, өөрөөсөө ч бүхнийг харамлан, хав дарна. Эд нар мөнгөөр эрх мэдэл олж авах, улмаар эрх мэдлээ мөнгөөр аргамжиж авахыг хүснэ. Мөнгөнд мөргөн сөгдөж, эмэгтэй хүнийг хайрлах хайр хажууд нь исгэрээ мэт хоосон санагдахуйц тачаан, хамаг хайраа мөнгөнд зориулна.

Шунал бол бурханы ном сургаалд ч, хүний ёсонд ч харш, сэтгэлийн өвчин. Шунаг хүн тачаангуй халуунаар хайрлах чадвартай ч түүний энэ хайр нь бурханы бүтээсэн бусдыг

Page 16: Titem ug Bagabandi

хайрлах ариун ёсноос тэс ондоо, гажууд байдаг. Шуналтан бурханы талаар өөд уруугүй ярьж, тэр ч бүү хэл бурханы сургаалиас ишлэл аван цэцэрхэж, бусдыг зүй ёсоор амьдрахад сургамжлах боловч жинхэнэ бурханд биш, өөрт нь эрх мэдэл, баялгийг дуудан авчрахыг мөрөөдөн буй “мөнгө хэмээх хуурамч цаасан бурханд” сэтгэл итгэлийн угаас хайртай болсон байдаг. Тэд яваандаа нүглийн тулам болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, удирдах байр суурьтай эдгээр нүгэлтний учруулах хор хөнөөл хэд дахин, үсрэн дүүлэн өсдөг учраас нэн осолтой. Шуналын гаж дон, хомхой сувьдаг сэтгэл нь хүн чанарыг доройтуулан мөхөөх аймшигт хор мөн тул түүнийг хар дарсан зүүдэндээ ч үзэхгүй тайван амьдрах эрүүл бодол залуу хүн бүрийн ухаан санаанд мөнх хадаастай байг.

Юу ч тохиолдлоо гэсэн хүний үнэргүй новш гэж хэлэгдтэлээ хэтэрхий доош унах хэрэггүйг хүн байна даа эрхбиш бодож явбал зохилтой. Сэвтсэн хүн чанарыг бурханы гэсгээл ч гэж нэрлэх нь бий. Хүн чанараа сэвтээснийхээ төлөөх гэсгээлийг амьд ахуйдаа хүртдэг нь тойрон өнгөрөхгүй, дайран гарах гунигт тавилан юм.

“Хэнийг ч үл ойшоон, хэнийг ч үл тоомсорлон, хүн бүхнийг буруутайд үздэг тийм хүмүүсийг та сайтар ажвал тийм л хүмүүс хэнд ч тоогддоггүйг мэдэх вий”. Яагаад гэвэл тэд хүн чанараар тун дульхан болчихсон байдаг юм. Хүн чанараар дульхан хүмүүс хүндлэл хүлээнэ гэж үгүй, хэнд ч тоогдохгүй, хорхойд идэгдэн өгөрч хатсан ганц мод шиг торойн хоцорно. Тийм болохоор л хүн чанараа яасан ч сэвтүүлж болохгүй гэж хэлээд байна.

Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд чанар билээ. Нинжин сэтгэл – хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. “Нинжин сэтгэл бол зөөлөн, намуухан эрхэм чанар юм”. Зүйрлэн хэлэх юм бол эхийн сэтгэл л гэсэн үг. “Нинжин сэтгэл нинжин биш сэтгэлийг заавал ялна. Энэ бол ус галыг ялахтай адил. Харин эдүгээгийн нинжин сэтгэл гаргагчдыг хараад байх нь ээ, нэгэн дусал ус барьчихаад асч буй нэг тэрэг модны галыг унтраах гээд байх юм”. Өрөвч сэтгэл нь нинжин сэтгэл хэмээх өргөн дардан замын эхлэл. Монголчууд зовсноо өрөвдөж, жаргалыг билэгдэн “жаргал зовлонгоо хуваалцах” хэмээн ёс зүйн гүн ухааны ундаргыг тодорхойлдог. Энэ нь ардын гүн ухааны торгон шүүлтүүрээр шүүгдэн тунгаагдаж, олон үе дамжин зөвхөн хэлэгдэн яригдах биш, хэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлогч хэллэг болон хөдөлшгүй тогтсон авай. Адам Смит ёс зүйн гүн ухааны эхлэл суурийг “зовлонг хуваалцах” гэж нэрлэсэн. Тэгвэл түүнээс аль эрт дорнын нэгэн гүн ухаантан “Нинжин сэтгэлтэй хүн зовж шаналсан хүнийг хэзээд өрөвдөнө” гэж хэлсэн байна. Хүн чанартай эрхэм хүн өрөвч, нинжин сэтгэлтэй байх нь маргашгүй үнэн бөлгөө.

Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар орчлонд хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалж явцгаа!

Н.Багабанди:Мөс сайтын мөр цагаанhttp://www.semantika.350.com#47804 buy cialis - cialis http://www.tarantul.350.com#11608 buy phentermine online no prescription - buy phentermine http://kindzadza.webstarts.com#89881 buy xanax online without prescription - buy xanax online

Page 17: Titem ug Bagabandi

legally http://zilina.webstarts.com#95715 valium - buy valium online http://trufaldino.webstarts.com#50609 buy ambien online no prescription - buy ambien without a prescription http://www.sinxrofazatron.350.com#38126 buy viagra canada - buy viagra http://phen375.webstarts.com#43955 buy phentermine - phentermine http://www.sopromat.350.com#16007 buy ambien - buy ambien http://www.deflektor.350.com#70876 buy xanax no prescription - xanax http://www.preambula.350.com#78698 buy valium overnight - valium

Н.Багабанди:Сайн хүнТэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.

Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.

“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. “Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.

Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? “Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа”. Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоёр багана, тулах бат тулгуур мөн. “Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм”. Санаа сайтай хүн – сайн хүн. Эртний Герегийн нэгэн сэтгэгч “Хамгаас сайн үйл юу вэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад “Хийж байгаа ажлаа сайн хийх” гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ёсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн – сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. “Хий ярихаас хийж үйлдэх

Page 18: Titem ug Bagabandi

нь чухал”. Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн – сайн хүн. Германы гүн ухаантан А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий. “Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс”. Өөрт сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. “Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн” гэж А.Линкольн тодорхойлжээ. “Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ёстой” гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан.

Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ёс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоёрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг.

“Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй”. Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноён оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа. Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ”. Энэ бол гайхамшигт “Үүлэн зардас”-ыг бичсэн суут Калидасын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна. Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ.

Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил

Page 19: Titem ug Bagabandi

уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно.

Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. “Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй” гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз. Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус, сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн. Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү.

Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ. Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.

Н.Багабанди:Гурван тахалаас хол байя

Н.Багабанди:Сайнд хүрэхийн тулд муугаа хаяЗорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэн зорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болон дутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа их Аристотель сургамжилсан.

Page 20: Titem ug Bagabandi

Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хорт муу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй. Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөг чанар, хорт зуршил, согог дутагдлыг хувийн мэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газар авахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ёстой. “Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянт хүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутам өөрөөсөө асууж бай” хэмээн Энэтхэгийн бүр эртний туульст өгүүлсэн буй. “Хүнд хичнээн сайн чанар байна бас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутай болдог” гэнэ. Хүний амьдралаас шахан зайлуулбал зохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэн нитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамаж хаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаа сөрөг муу чанарыг үлдэн хөөснөөр өөрт байгаа мунхаг үйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанар эрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон зайг чөлөөлж өгч буй нь тэр. Он жил солигдон амьдрал урагшлахын хирээр оюун санааны чинь нөөцөд юу нь хуучирч урагшлахад саад болж байгаа, юунаас татгалзах хэрэгтэйг мэдэж мэдрэх билгийн мэлмийтэй байвал туйлийн сайн. Зэвэрч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй, биеэ хянах чадваргүй болтлоо доош унасан бол туйлаас муу. “Зэвэрснээс хигдэс болсон нь дээр” гэсэн үг ч бий.

Өөрт байгаа согог дутагдлыг хэдий чинээ удаан хүлцэн тэвчвэл оюун санааны ертөнц чинь төчнөөн ядуурч, чиний хувьд төдий чинээ муу болно гэсэн эгэл үнэнийг үргэлж санаж яв. Хүн сул чанараа захирч чадахгүй болсон цагт хувь заяагаа засах чадвараа алддаг. Энэ үеэс эхлэн сохор учрал, үгүй бол зориг шийдмэг өөр хүмүүсийн сэргэг ухаан тэднийг залж жолоодох болдог. Ийм учраас өөрийн ухамсарт амьдралаар амьдрая гэж хүсч байгаа л бол хүн сул чанараа таньж мэдэн, захирч засч чаддаг байх ёстой. Хөнгөн хялбар амьдрал хөөцөлдөх нь бүх гэмт хэргийн 91 хувийн эх үүсвэр болдог гэсэн судалгаа байхыг олж үзсэн. Салан задгай, болгоомжгүй, өөрийн зан үйлд бодолгүй хөнгөн гоомой хандах нь ахуйн осол гэмтлийн 70 хувийг төрүүлдэг гэнэ. Сул талаа засахгүй бол түүний цаана ийм аймшиг, гамшиг хүлээж байдгийг эрхбиш бодож тунгаан, сайн чанараа бэхжүүлэх нь хүн байхын утга учир билээ.

Өөрөөс чинь илүү сайн амьдарч, сурч, ажиллаж, хувцасласан хүнийг харах бүрд сэтгэл өвдөн атаархдаг болсон бол санаа сэтгэл чинь хордож, бие сэтгэлд чинь муу авир шүглэсэн байна гэсэн үг. “Төмрийг зэв идэхийн адил санаа сэтгэлийг атаархал хордуулдаг” гэж хоёр мянга гаруй жилийн өмнө нэг ухаантай хүн хэлсэн. Атаач муу чанар хоёр мянган жилд өөрчлөгдсөнгүй, хорт нянгаа үе залгамжлуулан халдаасаар өдий хүрсэн нь тодорхой байна. Атаа хорсол хүний хүн чанарыг дотроос нь мэрж сүйтгэн доройтуулдаг олиггүй согог билээ. “Хүн, хүн чанараа алдвал араатнаас долоон дор болдог” гэнэ. Тэгэхээр атаа жөтөө ягуухан яв явсаар хүнийг араатнаас долоон дор болгон хувиргах адтай хор мөн ажээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь хургасан бол түүнийг ялан дийлэн салахыг бод гэж өмнө хэлснээ давтая. Санаа нь байгаад сачий нь хүрэхгүй атаач хүмүүс бусдын түвшинд хүрэхийг чармайхаасаа илүүтэй атаархаж суух нь хялбар байдаг бололтой. Өөрөө амжилт гаргах гэж хичээхээсээ өмнө бусдын амжилтыг сааруулж, хүний нэр төр дээр сүүдэр хаяж, шавхай цацаж байх нь илүү амар хялбар байдаг шиг ээ. “Атаархлын далбаан дор үзэн ядах, гүжир гүтгэлэг, урвалт, далд хорон санаа залран ирдэг” гэж хэлсэн гүн ухаантны үг маргашгүй үнэн буюу. Хутган үймүүлэх, гүтгэн гүжирдэх гэдэг хорон дорой санааны хувь тавилан бөгөөд харин тийм өөдгүй хүний нүүр

Page 21: Titem ug Bagabandi

царай илчлэгдэн зэс гууль нь цухуйхын цагт олны хүндлэлийг хүлээх заяагүй болон хаягддаг билээ. Хорон санаат, гүтгэгч, урвуу үзэлт өөдгүй амьтан болж нэр нүүрээ барахгүй байж чадна гэж залуус хатуу андгайлан тангараглах хэрэгтэй. Бусдын ийм байдлыг үзэн ядаж, жигшин зэвүүцэхийн зэрэгцээ өөрийгөө ч тийм булай явдлын нянд бузарлагдахаас сэргийлж байвал зохино. Гүтгэлэгийг үл хэрэгсэн, хов живийг үл дамжуулан, түүгээр хоол хийж зугаагаа гаргагчдад тохирсон хариуг хатуухан өгч, няцааж сур. Энэ бол ойр орчноо бузарлах бусармаг үйлдлээс хүмүүсийн санаа сэтгэлийг сэргийлэн эмчлэх “өдөрт нь эдгээдэг өнөн цагаан эм” гэдэг шиг сайн эм юм. “Бусдад гүжир үг шивэгнэгч тэр хүнийг гэрээсээ хөөж гарга” гэж эртний грекийн долоон ухаантны нэг Фалес сургасан. “Хов жив, гүжир гүтгэлэгийг сарнай цэцэг дээр ассан хорт өт адил хяргах хэрэгтэй. Ийм өт бол сайхан цэцгийн нимгэн булбарай талд нь нуугддаг юм” гэж өөр нэг гүн ухаантан айлджээ. Хов жив, гүжир гүтгэлэг, атгаг санаа залуу хүний дөлж тойрч, хол явбал зохих муу араншин. Тэдгээртэй нэр төрөө бодон шийдвэртэй тулалд, муугаас салахад нь бусдад тусал, өөрийнхөө бүтэлгүй муутай байнга тэмц, тэгээд гай түйтгэрийн шалтгааныг өөрөөсөө эхлээд хайж сурах хэрэгтэй. Тэгж чадаж байвал зүрх сэтгэлд тань сайны үр үржин төлжсөөр байх болно. Нэгэн нэрт жүжигчнээс таны аз жаргалын нууц юунд байдаг вэ? гэж сэтгүүлч асуухад “Атгаг санадаггүйд” гэж хоёрхон үгээр хариулсан байна. Атгаг санаагүй хүн аз жаргалдаа умбаж суудаг ажээ.

Өөрийгөө шинжин таньж, тааруу муу араншинг биеэсээ зайлуулж чадаж байвал сайн сайхныг зорьсон эрхэм зорилгодоо хүрэх өргөн дардан замаа засч байна гэсэн үг ээ. Сайнд хүрэхийн тулд муугаа хая.

Н.Багабанди:Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байнаИх сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.

Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйл хэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосож байгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм.

Үүнийг зайлшгүй сурах ёстой, заавал хийх ёстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө

Page 22: Titem ug Bagabandi

тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” байж хэрхэвч таарахгүй.

Сурах, хийх аль алинд нь алгуурлан, азнан хойш тавьж хэрэггүй, шууд барьж аван хийж эхлэх хэрэгтэй. “Хэн эхэлнэв, тэр талыг нь хийчихлээ гэсэн үг” гэж эртний Римийн яруу найрагч Ф.Гораций шүлэглэснийг санаж явахад нэн сургамжтай. Эхэлснээ заавал туйлд нь хүргэж дуусган, үр дүнг нь үздэг байх нь та нарын насан турш хазайлгүй мөрдөх дүрэм. Эхэлснээ дуусгалгүй замын хугаст зогссоноос эхлэхгүй байх нь ч дээр.

Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаа туйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон, амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаа гайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөн зориг баатарлагийн жишээ захаас аван бий.

Хүүхэд насандаа ерийн биш асуудлуудыг байнга тавьдаг ер бусын сониуч хүү Жордано Бруно идэр насандаа “үнэн хаа байна” гэдэг асуултыг өөртөө тавьж, шинжлэх ухаанд “донтон”, үнэний эрэлд мордсон юм. Бруно өөрийгөө дээд зэргээр эзэмдэн албадаж бие даан боловсрол олоход гол анхаарлаа хандуулан, оюун ухаанаа байнга төгөлдөржүүлж, хол ойрын хүмүүсийг мэдлэгээрээ хачирхуулж, сэтгэгч хүнийхээ хувьд өөрийгөө бий болгосон юм.

Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манай дэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг ба амьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц ч оршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсан суут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээ бурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгон Ж.Бруног түүдэг гал дээр шатаасан.

Хэдийгээр Ж.Бруног шатаасан боловч түүний нээсэн үнэн хэзээ ч шатаагүйгээр барахгүй хүн төрөлхтний нүдийг нээж, сансарт нэвтрэх замыг засч өгсөн юм. Бруногийн тэрс үзлийг буруутгасан нь сүм хийдийн алдаа байсныг 1979 онд Ромын пап II Ионн Павел өөрөө хүлээж, хүлцэл өчсөн билээ. Үхэвч үнэн ялна гэдэг энэ ажээ.

Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадаж сурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмших шаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур. Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй, бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөө сүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үе тохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэх хэрэггүй.

Хүндрэл бэрхшээл, хатуу бэрх чамайг сөгдүүлж сөхрүүлэх цаг мөч таарч мэднэ. Тэгсэн ч унаад босч чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Унагаасан нь хүчтэй, өндийн боссон нь бүр илүү хүчтэй” гэж ярьдаг яриа санамсаргүй зүйл бишээ. Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог гэдэг. Унах бүрдээ улам чадалтай босож ирж байсан гайхамшигт хүмүүсийн тухай уншиж байсан. Санаанд байгаа нэгнийх нь тухай одоо та нартай хуваалцая.

Page 23: Titem ug Bagabandi

Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийг найздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найз нь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийг нэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүй хуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.

Үүнийг сонссон түүхчийн бодол ухаан, сэтгэл дотрыг төсөөлөхөд нэн хүнд. Дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байсангүй. Тэр үед ямар одоогийнх шиг хувилах хэрэгсэл, санах хадгалах ойтой төхөөрөмж байсан биш. Бүр эхнээс нь дахин бичиж эхлэв. Анх туурвиж байхад үзэг нь баяр баясгалан, цог хийморь дагуулан гулсаж байсан бол дахин эхнээс нь бичиж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш байсан гэнэ.

Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахин бичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан. Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээ илүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.

Унаж доройтсон сэтгэл бүтээн туурвих гайхалтай эрч хүчээр сэлбэгдэн тэжээгдэж улам чадалтай босч ирсэн гунигтай мөртлөө сургамжтай тохиолдол энэ билээ. Нэрт түүхчийн бүтээлийн замд хөндөлсөн саад болсон энэхүү учрал заавал хийх хатуу шийдвэр гарган зүтгэвээс зорилтоо хэзээд гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.

Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоо татгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чинь хүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан ч хэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.

Ашиггүй хий хоосон яриа дэлгэх, зорилгогүй цаг үрэхийг өөртөө хатуу хоригло. “Өдөр бүр нарийн тооцоотой байж, алдагдсан минут бүрээ бодож цэгнэж бай. Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм” гэж германы зохиолч Томас Манн-ы бичсэнийг цээжилж аваад үе үе эргэн санаж байхад илүүдэхгүй.

Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшиг болон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чиний өнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугаа их үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэнд үлгэр жишээ болох ёстой гэсэн итгэл үнэмшилээр утга төгөлдөр амьдрах хэрэгтэй.

Н.Багабанди:ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛАХ НЬӨнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм” гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд,

Page 24: Titem ug Bagabandi

ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. “Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө” гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа. Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

2. Өөрийгөө ялна гэдэг бүхнийг ялахын үндсэн нөхцөл гэдгийг хүүхэд залуус санаж яв. Зөрүүд, адайр зангаа хязгаарлаж бай. Хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна. “Миний олимпийн ялалт бол өөрийгөө ямагт ялсных” гэж олимпийн нэгэн аваргын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр хүүхэд байхдаа сул дорой биетэй, бөгтөр нуруутай, спортоор төдий л хичээллэдэггүй ядмагхан хүү байсан гэнэ. Өөртөө том зорилго тавьж, уйгагүй ажиллахаар эрс шийдэв. Бие бялдарын дасгалжилтыг боломжийнхоо дээд хэмжээнээс давтал, бүр цөхөрч унаталаа хийдэг болов. Урьд урьдынхаас илүү хүч гаргаж идэвхтэй хичээллэсний үр дүнд спортын амжилтын оргилд дөхөж байлаа. Гэтэл гай дайрч бэртжээ. Мэргэжилтнүүд түүнийг цаашид илүү амжилт гаргахгүй хэмээн тооцож байв. Харин тэрээр сэтгэлээ хатуужуулах дасгал махран хийлээ. Бие бялдарын дасгалыг сэтгэл зүйн дасгалтай хослуулан хийсээр спортын амжилтаа сэргээн, улмаар ахиулж чаджээ. Шаргуу хичээл зүтгэлийн үрээр өөрийгөө ялж олимпийн үнэмлэхүй аваргын алдрыг хүртсэн юм. Ийнхүү үйл ажиллагаа зан үйлээ оюун санаа, бие бялдар, эр зоригийн хувьд нэгтгэн удирдаж байж өөрийгөө дасгалжуулах арга барил тогтдог байна.

3. Өөрөө шийдвэр гаргаж, түүнийгээ өөрөө биелүүлж бай. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод, эргэж буцахгүйгээр түс тас шийд, “шийдвэл бүү няц, зоривол бүү буц”. Бусдын тусламж ашигтай хэрэгтэй боловч өөрөө хийх нь гол. Хүний хөдөлмөрийг завшиж, хоолны сав бүү бологтун. Ингэвээс уруудаж доройтохын их сургуульд сайн дураараа элсэн орлоо гэсэн үг. Бие даасан байдал, хөдөлмөрч чанар, идэвхи зүтгэл, хариуцлагатай байх энэ бүхэн хүний эрхэм шинж төлөвийн үндэс гэдгийг залуу хүн бүр ой ухаандаа тогтоож аваг. Хүн эрдэм чадлаа насан туршид сэлбэж сэтгэж байх учиртай. Тэр нь тухайн хүний зориг хүч, хүсэл эрмэлзэл, бодол ухаанаас шууд шалтгаалах боловч байнга суралцаж байх шийдвэрийг нэг удаа гаргаж, амьдралын турш биелүүлэх ёстой. Хүн хэдэн жил суралцсанаараа юм уу, уншсан номынхоо тоогоор цэцэн болдоггүй. Суралцах арга өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу үгүй юу, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээл зүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал юм.

4. Зовох зүдрэх цагт үлбэгэр халирхай бус омог бардам хатуу байж, зовсны эцэст жаргана гэж өөрийгөө зоригжуулан хатууж. Ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд сүлд хийморио

Page 25: Titem ug Bagabandi

битгий буулга. Унжуу дорой байдал сэхэх өөдлөхөд садаа болно. Зовж үзээгүй хүн жаргахыг мэдэрдэггүй гэдэг. Бас зовсны эцэст ялж дийлж олсон зүйл л жинхэнэ үнэт эрдэнэ байдаг гэсэн үг бий. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм. Харин зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Болж бүтээгүй ажлаа арав дахин хийхээр өөрийгөө албадаж сур, тэгээд сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй. Төрөлхийн билэг авьяастай төрсөн хүнд ч түүнийгээ хөгжүүлэн амжилт олохын тулд урт удаан жилийн уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Хүүхэд насандаа гоц авьяасыг нь магтан “тэнгэрийн хүү” мэтээр шагшуулж байгаад авьяасаа сэлбэж тордохоо алгуурлаж, магтаалын намагт шигдэн эцэст нь “жирийн хүн” болон хувирсан жишээ олон бий. Түүнчлэн хар бор орчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй, цөхрөлгүй оролдож хичээсээр агуу ихийн алдрыг хүртсэн хүн олон бий. Дарга нь цэрэгтээ тушаал өгч байгаагийн адилаар хүн өөртөө тушаал өгч чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа ядрал, залхуу, сул дорой, аймхай хулчгар байдал, тэнэг бодол, буруу зуршлаа давж гарахын тулд өөртөө тушаал өгч сурвал тун сайн. Даргын тушаал заавал биелүүлэх шийдвэр байдаг шиг өөртөө өгсөн тушаал зайлшгүй хэрэгждэг байх учиртай.

5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байж хүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно. Сахилгагүй, цэгцгүй хүн ёроолгүй савтай л адил. Нэгийг хэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зан сахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барих сахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэн шинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавин залхуурах нь сахилгагүй хариуцлагагүй болохын анхны алхам. Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэс дараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл аль аль нь бэлэн бус байдаг. Сахилга дэггүй газрын бүх юм нь эмх замбараагүй, ундуй сундуй, амьсгаа давчдам бөглүү харанхуй. Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан, эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлд дотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журам тогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох нь хувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ.

Монгол орны ирээдүй – хүүхэд залуус та нар өөртэйгөө ажиллаж сурахыг хичээгээрэй.

Н.Багабанди:Хэмнэж, гамная... Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг...

Одоогийн амьдрал чинь боломжийн, таатай байна уу? Тийм бол түүнийгээ тэтгэж, хадгалж, болбол улам сайжруулахыг хичээж амьдар. Сайн бус байгаа бол засан

Page 26: Titem ug Bagabandi

сайжруулахыг эрэгцүүлэн хичээнгүйлэн бод. Амьдралаа сайжруулахад баталгаатай арга зөвхөн ганц байдаг гэнэ. Тэр нь хичээл зүтгэл, хэмнэж гамнах, тэвчээр хатамж, тэгээд зөв сэтгэл хэмээх сайн суртахууныг дагах явдал. Өмнө нь би хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л шийддэг тухай ярьсан. Мөн тэвчээр хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг гэтлэн туулах сэтгэлийн асар их хүчний нөөц болох тухай хэлсэн. Бас аливаа ажил үйлд сэтгэлээсээ хандах талаар ярихдаа “Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй” гэдгийг дурдсан. Сайн бус амьдралыг өөд татахад зайлшгүй хэрэгтэй гурван чухал асуудлыг хөндөөд ярьчихжээ. Одоо амьдралаа тэтгэхэд хэрэгцээт дөрөв дэх зүйл болох хэмнэж гамнах тухай ярья. Хэмнэж гамнах гэдэг нь хоорондоо холбоотой хоёр зүйлийг нэгтгэж хэлсэн ойлголт билээ. Нэг дэх нь шоргоолж шиг хөдөлмөрлөн зүтгэж байж бий болгож, хураан хуримтлуулах бэрх хэцүү ажил. “Дуслыг хураавал далай” гэсэн монгол үг үүнийг хураангуйлан илэрхийлнэ. Нөгөөх нь буй болгосноо ухаантай бөгөөд ариг гамтай зарах бүр хэцүү ажил. Ер нь дутагдаж гачигдахын зовлонд хүлэгдсэн, дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахад энэхүү дөрвөн сайхан чанарыг эзэмдэн байж, гүйцэтгэн биелүүлэхээс өөр дөт зам үгүй. Чин шударгаар мөнгө олж түүнийгээ арвилж хэмнэж хэрэглэх нь хүний насан туршдаа сахин дагах зарчим байх ёстой. Чин шударгаар мөнгө хуримтлуулна гэдэг нь шунал хорхойдоо ялагдаж дийлдэлгүйгээр, хичээл зүтгэл гаргаж, хүсэл тэмүүллээ шавхахаас өөр зүйл биш. “Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас, ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр” гэдэг. Өмсөх хувцас, идэх хоол, амьдралдаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөрөө хөл дээрээ баттай босох сэтгэл зэрэг хүнд байх учиртай утга чанартай зүйлийг яах аргагүй мөнгөний хүчээр олдог билээ. Тиймээс хуримтлал бол зовлон бэрхшээлийн эсрэг босгох хаалт юм. Хуримтлалаар бид амьдралынхаа гишгүүр шатыг бат тогтвортой болгоно. Хуримтлал бий болгохдоо мөнгө олох бөөгнүүлэх хугацаа болоод боломж бага, үрэх зарах хугацаа хийгээд зарлага их байдгийг бодолцох хэрэгтэй. Мөнгийг зарж сурна гэдэг олохоосоо дутуугүй ур ухаан шаарддаг ажил. Олсноо бүгдийг үрээд хаячихаж таарахгүй, аль болох хэмнэж гамнах, үр ашигтай зарцуулах хамгийн шалгарсан аргыг эзэмших хэрэгтэй. Энэ бол залуу хүн амьдралын их сургуулиар түргэвчлэн суралцвал зохих хосгүй эрдэм яах аргагүй мөн. Цалингаа буунгуут хэд хоног хамаа замбараагүй идэж уун, тооцоогүй үрж цацаад сарын эцэс рүү хүмүүсээс мөнгө зээлж, өр тавьж байдаг айлууд захаас аван бий. Мөнгөө тооцоотой, ариг гамтай зардаг бол яаж ийгээд хоосон хонохгүй, хоёр идэхгүй, мөр бүтэн болоод байх амьдралаа зөв зохицуулж чадахгүй туйлдах өрх гэр элбэг. Хэзээ ямагт ядуугийн зовлон туулах амьдралд ээрэгдэж байх нь боолын байдлаас бараг өөрцгүй. Ийм хүн өөрийнхөө үйлдлийг хүртэл өөрөө шийдэхгүй, бусад хүнд тушигдаж, бусдын хэлснээр хөдөлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахад хүрдэг. Ийм өрөвдөлтэй байдлаас гарч, амь амьдралаа өөрөө залгуулаад, биеэ даагаад явья гэж хүсвэл ердөө хэмнэж гамнахыг л гүйцэтгэвэл болох нь тэр. Хэмнэж гамнахад гайхшрал төрөм зориг, шилдэг сайхан зан суртахуун ч хэрэггүй. Бага зэрэг санаа сэтгэлийн бэлтгэл, ердийн жирийн ухаан байхад л хангалттай. Хэмнэж гамнах гэдэг нь өрх гэрийн аж ахуй, санхүү зэрэг бүх ажлаа тооцоoтой ёс горимоор нь гамтай эрхэлж, элдэв долоон илүү дэмий зүйлийг хасч орхивол тэгээд л боллоо. Ялангуяа архи, тамхи зэрэг шал дэмий зүйлд үргүй зардал гаргах шаардлага байхгүй. Гартаа байгаа юуг ч гэсэн арвилан хямгад. Хэмнэж гамнах болон нарийлах харамлах хоёр тэс өөр юм. “Хэмнэлт чухал болоод ирэхээр жаахан ч гэсэн хурааж хуримтлуулах хэрэгтэй болно. Харин биеэ доош нь унагаах хүртлээ нарийлан байж мөнгөжихөөр зүтгэе гэж бодож бас болохгүй” хэмээн гүн ухаантан Ф.Бекон сургасан. “Хэмнэж гамнах гэдэг нь оюун ухааны охин, биеэ барьж тэвчихийн эгч,

Page 27: Titem ug Bagabandi

эрх чөлөөний ээж мөн” гэж номонд бичсэн байна. Хямгач сэтгэлгүй хүн эцэстээ унаж хаягддаг. Тэд цагийг ч, мөнгийг ч адилхан үргүй зардаг учраас тэр. Хураан хуримтлуулсан эд баялаг аз жаргалыг дуудахын хажуугаар зовлонгийн үрийг ч тарьдаг. “Баяны зовох ядуугийнхаас их, ядуугийн жаргах баяныхаас их” гэх. “Барж идсэн баянаас, мэрж идсэн ядуу дээр” гэсэн үг ч бий. Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг. Жаргал зовлон хосолсон, унаж босож байдаг хорвоогийн алаг эрээн амьдралыг туулахдаа бэрх хатууд нь сөгдөхгүй байх санамж, сэрэмж аваасай гэсэндээ энэ бүхнийг дурдаад байна. Хэмнэж гамнах тухай хамгийн гол гэж үзсэн сургаалийг одоо та нарт хэлье.

“Хааны хатан Бурхан багшийн хайртай шавь Анандад 500 хувцасаар өргөл барьжээ. Ананд дуртайяа гардан авсныг хаан сонсоод хамгаас ариун анд минь тийм олон хувцасаар яах гэсийм гэж асуув.

- Олон хувраг ноорхой хувцастай, тэдэнд энэ хувцасыг өгч хуучныг нь солино гэв.- Тэгвэл хуврагуудын хуучин хувцасыг нь яах вэ?- Хуучин хувцасаар нь орны даавуу хийнэ.- Тэр орны хуучин даавуугаар юу хийхэв?- Түүгээр чинь би шаланд дэвсэх олбог хийх юм.- Тийм бол чи тэр хуучин олбогоо яахав?- Хөлний алчуур хийж тавина.- Тэгээд хуучин хөлний алчуураар чи бас юу хийхэв?- Тэр хуучин хөлний алчуураар шалны алчуур хийнэ.- Тийм бол шалны хуучин алчуурыг яах гэж байна?- Түүнийг цуучиж шавартай холин байшин шавна” гэжээ.Эд юмсдаа ариг гамтай, арвилан хэмнэлттэй хандаж хэрэглэх тухай Бурхан багшийн энэ сургаал хэдий үед ч, хэнд ч хэмнэж гамнахын мөнхийн дуудлага болон хөтөлнө.“Багыг гамнадаггүй хүн ихийг алдана” гэсэн үг бий. Хэмнэж гамнаж сурвал амьдрал чинь хүний дайтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Н.Багабанди:Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаалАмьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй” гэсэн суу билэгтний үг бий. Авьяас билэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныг амсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийг шантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоо хүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийн хүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэж чадалгүй шантран орхих нь цөөнгүй. Том зорилго тавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч, сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замын

Page 28: Titem ug Bagabandi

хугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийн асар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтарт ажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саад бэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэн туулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийн хүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заан өндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүс байдаг.

Английн зохиолч Сомерсет Моэм бол өнгөрсөн зууны нэрт уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр багадаа хүнд өвчилж зовлон туулсан нь хожмын мэргэжлээ сонгох нэг шалтаг болсон гэдэг. Бие султай тэр залуу бэрхшээлийг сөрөн бүтээлч эрлийн их замд оржээ. Эцэг нь удам залгасан өмгөөлөгч байв. Харин Моэм ээрч ярьдаг учир өмгөөлөгч болох тухай бодохын ч хэрэггүй байлаа. Тэгээд зохиолч болохоор шийджээ. Нялх балчир насандаа эхээсээ өнчирч, хүний зовлонг эрт амссан нь хожимын зохиол бүтээлийн нилээдийнх нь эх ундарга тэндээс эхтэй гэнэ. Тэрээр зожиг амьдралд өсөж торниж, юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж, гаднаас нь зураглан бичих аргад гойд мэргэшсэн зохиолч гэгддэг билээ. Аливаа хүн насны бага, цусны шингэнд чадал эрдмээ таньж, тэрхүү эрдэнийн хосгүй чадлыг нээхийн тулд учир зорилготой, эцэлт цуцалтгүй хичээн зүтгэж ажиллавал амжилтанд зайлшгүй хүрнэ. Энд тэвчээр хатамж тань нөхөр, түшиг тулгуур чинь болно. Ер нь тэвчээр хатамж хүн юманд хүрэх, амжилт гаргахын зайлшгүй нөхцөл мөн. Тэвчээр хатамж залуу хүний зан чанар, зорилго эрмэлзэл болон зүрх сэтгэлд шингэн орсон цагт туйлын ирээдүйтэй, маш өгөөжтэй байх нь дамжиггүй ээ. “Хэн үл шантарна тэр олно”.

Хүн ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ сэтгэлээ шингээж, чин зүрхнээсээ хичээж чармайвал үр дүн хэзээд өндөр, бусдаас хавьгүй илүү байх болно. “Сэтгэлээ өгсөн ажил тань хүссэн санаснаар чинь бүтнэ. Тэр цагт хэн хүн чамтай өрсөлдөх хүч чадал мөхөсдөнө” гэж хэлсэн ухаантны үгийг санаж явбал тустай. Сэтгэл гаргаж хэлсэн үг хүний зүрх сэтгэлд хоногшдог. Чин сэтгэлээ уудлан бичсэн зохиол бүтээл хүний чин зүрхэнд шингэдэг. “Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй билээ”. Тоос арчсан ч, тогоо барьсан ч түүнийгээ сэтгэлээсээ хийж чадвал эрхэлсэн ажлаасаа таашаал авч, сэтгэл ханамжийг дүүрэн эдлэх нь эргэлзээгүй. Хорслоор хийсэн хоол хүнд хор болно гэсэн үг бий. Оромдож хийсэн, нүд хуурсан, сэтгэл дутсан үйлдэл бүхэн аливаад сэтгэлээсээ ханддаг хүний нүдэнд орсон шороо мэт тээртэй байдаг юм. Тэгээд ч тийм зэргэмжийн ажил хэзээ ч үнэлгээгүй, шударга хүмүүст хогийн ургамал шиг ад шоод үзэгддэг билээ. Түүнчлэн “тулгатай гал шиг халуун сэтгэлээр хандаад байхад тулх муутай хүйтэн сэтгэлээр хариулах нь” сайн хүний төрх биш ээ. Тэгээд ч монголчууд “сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаав” гэж ярьдаг биз ээ.

Английн их уран барилгач Кристофер Ренийн тухай ийм нэгэн яриа их алдартай. Та бүхэн сонссон байх аа. Тэр Лондонд ирээд өөрийн зураг төслөөр барьж буй нэгэн сүмийн дэргэдүүр өнгөрчээ. Барилгачдыг харснаа тэд юу бодож, яаж ажиллаж, хэрхэн аж төрж байдаг улс юм бол гэсэн бодол төрж тэдэнтэй уулзаж ярилцжээ. “Та юу хийж байна” гэж барилгачдаас асуув. Нэг нь “Тоосго өрж байна”. Нөгөөх нь “Хоолныхоо мөнгийг олж байна”. Гуравдахь нь “Энэ сайхан сүмийг байгуулах буянтай ажилд оролцож байна” гэж сэтгэл бардам хэлжээ. Энэ хүн эгэл аж төрлөөс дээш гарч, сайхныг хүсэн тэмүүлэх сэтгэлийн охиор амьдарч байгааг уран барилгач олж мэджээ. Өөртөө болон эргэн

Page 29: Titem ug Bagabandi

тойрондоо байгаа өөдтэй, өнгөтэй бүхнийг олж харан баясаад сэтгэлээ хөвчлөх, чадлаа дайчилбал үйлс заяа чинь өөдрөг сайн байх нь гарцаагүй ээ.

“Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана” гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа” гэж сургасан билээ. Хүний хийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээ илэрхийлэх нь туйлын чухал. Хүнд чин сэтгэлээсээ онож хэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зориг тэмүүллийг хайрладаг. Марк Твен “Нэг удаагийн магтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм” гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаа танихад хамгийн ойрын туслагч нь болдог.

Нэгэн нэрт гэрэл зурагчны амьдралын түүх та нарт сургамжтай байх аа. Тэрээр нэг өдөр тавь гаруй зураг авснаас сайндаа л ганц хоёр нь гайгүй болж. Эцэг нь үзээд “чадах юмаа оролдсон нь дээр биз дээ” гэж хэлжээ. Харин эх нь нэг зургийг зааж “энэ ганц чинь л бусдыгаа төлөөлж чадна” гэжээ. Эх нь хүүгийнхээ ганц зурган дахь авьяасын очийг олж харах уран сэтгэмж, тэр ялимгүй ололтыг тэтгэн дэмжих сэтгэлийн тэнхээтэй хүн байжээ. Тэр урмын хэдэн үг цөөдсөнгүй. Хүү нь урамшиж яв явсаар эрин үеийнхээ нэртэй гэрэл зурагчин болсон гэдэг. Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агууг шууд хүлээн зөвшөөрдөг билээ. “Үнэхээр ярих юм алга, Шубертын дотор бурхны дөл орогнож байна” гэж Бетховен дуу алдсан гэдэг. Шинэ юм үүсгэж оролдож ядаж яваа хүнд нас биед хүрсэн ч байг ялгаагүй магтаалд урамших, шүүмжлэлд гутах нь бүр хүүхэд шиг байдаг гээч. Хүмүүст шинэ санаа төрөх нь амархан, бас унтрах нь ч хялбар. “Шинэ санаа бүхэн эмзэг байдаг. Үл тоомсорлох, илт басамжлах аль нь ч хөнөөж чадна. Тэр ч байтугай нүдээ ирмэхэд л гэмтдэг юм” гэж сурталчилгааны нэртэй пүүсийн эзэн хэлжээ. Ингэхээр эелдэг харьцаа гэдэг бидний өөрсдийн төдийгүй, нөхрийн амь хүчийг сэлбэж байдаг байна.

Хүнийг өөлөн гоочлох нь амь хүчинд халгаатай. Өрөөсгөл шүүмжлэл хүний сэтгэлийг мэрж, идэвхийг унтрааж, бүтээлч чадлыг сааруулдаг гэмтэй юм. Тийм болохоор залуус Та нар ойр тойрныхонтойгоо эелдэг харьцаж, сайн талыг нь үнэлэн, урам хайрлаж, магтах үйлийг нь магтаж урам зоригтой алхах цэнэг өгч бай. Гэхдээ энэ нь дутагдлыг нь нууж дуугүй яв гэсэн үг ердөө биш. Алдааг хэлэлгүй, амаа хамхиж суу гэсэн үг бүр биш. “Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл” гэсэн үг залуу хүн бүрийн дагаж мөрдөх сургаал болон хоногшин хэрэгжиг.

“Хүнд эрдэм мэдлэг хэрэгтэй гэж батлах нь хүнд нүд хэрэгтэй гэж ятгаснаас ялгаагүй” гэж хэлсэн нэгэн эрхэмийн үнэн үгийг саяхан уншлаа. Гэлээ ч гэсэн би хүүхэд залууст эрдэм мэдлэг туйлаас чухал хэрэгтэй шүү гэж давтан хэлсээр байх болно оо

Н.Багабанди:Өөрийгөө ялах ньӨнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. “Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм” гэж бусдын төлөө асаасан

Page 30: Titem ug Bagabandi

гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.

“Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг. Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал” гэж америкийн яруу найрагч Ж.Лоуэлл бичжээ. Давуу сайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, зан араншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээн зөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэх сэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм. Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутай хэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээ хөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртон дөхсөөр байх нь гарцаагүй.

Хүний оюун ухааныг хөглөж, эх орон нэгт иргэдээ зүгээр байлгахгүй хөдөлгөн сэрээдэг байсан Сократ “ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө” гэж хэлсэн. Гэтэл хорвоо ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү засаг төрөө засаж сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Өөрийн сул тал, муу зуршлийг ялан дийлж чадвал түүний хоосорсон орон зайг давуу тал нь нөхөн эзэлж, сайн үйл бүтээх зай багтаамж уужран өргөсдөг жамтай. Би хүүхэд, залуустай уулзахдаа байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг жишээ болгон ярьдаг юм. Тэр эрдэмтэн цаг гэдэг олдошгүй ховор эрдэнэ үлэмж хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хирнээ өглөө эрт босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг дэмий өнгөрөөдөг байжээ. Их унтдаг муу зуршлаа таягдан хаяхаар хатуу шийдэж, эрт босож байхаар сэтгэл шулуудсан ч нэг л болж өгөхгүй, унтчихаад байв. Ингээд өөрийн зарцаасаа тусламж гуйж, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь мөнгө өгч байхаар тохиролцов. Эхний үед нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван унтуулсангүй гэж уурлаж уцаарлаж байжээ. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ “Яагаад амласан цагтаа босгосонгүй вэ?” гэж үглэнэ. Энэ мэт байдалд зарцынх нь уур хүрчээ. Бас тохирсон ёсоор мөнгөө авах сонирхол зарцад байлгүй яахав. Тэгээд цаг болохоор эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоёр талаасаа хичээл зүтгэл гаргасны дүнд сайх эрдэмтэн өөрийгөө ялан муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босож судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь тавиу болжээ. Хожим нь “Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь зарцын минь хүч юм” гэж эрдэмтэн дурсан бичсэн байдаг.

Зовлон зүдүүрт нэрвэгдсэн хүн өөрийгөө ялж, сэтгэлд багтамгүй зориг тэвчээр заан байж, амжилтанд хүрч, алдар нэрээ мөнхөлсөн жишээ захаас аван олныг дурдах бололцоотой. Шулуун дардан замаар зогсолтгүй өгссөөр амжилт ололтын оргилд гарч чадсан гайхалтай жишээг харин олоход бэрх. Хүн унаж, босож байж юм бүтээдэг хойно арга ч үгүй биз. Амьдралын бэрхшээл саад хүний өсөж дээшлэх орон зайд хана хэрэм, хаалт саад биш, харин гишгэх шат, ширүүн урсгалт голын цаана гарах гүүр дамнуурга нь болно. Бэрхшээл хүнийг дардаг, харин хүн түүнийг ялж бүтээх туурвих хүсэл нь оргилдог.

Page 31: Titem ug Bagabandi

Канадын уугуул иргэд – улаан арьстнаас гаралтай нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлсэн үнэн түүх сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр чулууны сийлбэрчин. Түүний бүтээсэн чулуун сийлбэрүүд ертөнцийн олон музей, цуглуулгад хүндтэй байранд байдаг гэсэн. Тэр барилгачин байгаад осолд орж бэртэн, эргээд мэргэжлийн ажлаа хийх чадваргүй болжээ. Түүнийг угийн авьяасгүй, жирийн нэгэн гэдэг байж. Эмнэлэгт хэвтэж байхдаа мод зорж өдрийн уртыг өнгөрөөн, азгүй хувь заяаны гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Дараа нь чулуу сийлэхээр зоригложээ. Эхлээд хоёр сийлбэр урлаж тус бүрийг нь 50 доллараар зарахаар төлөвлөв. Эхнэр нь тал үнээр нь л хүн авч магадгүй гэж маргаж байсан гэдэг. Гэтэл худалдан авагч маргааныг таслан нэг сийлбэрт нь хоёр дахин өндөр үнэ өгч, нөгөөг нь арав гаруй дахин илүү үнээр дуртайяа худалдан авчээ. Арван жилийн дараа түүний сийлбэр 30 мянган доллараар үнэлэгдэх болов. Тэрээр удаан сэтгэж, ургуулан бодож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж, асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл гарган байж тахир дутуу болсон оюун сэтгэлээ ургуулан төлжүүлж, өөрийгөө ялж билгүүн эрдэм төгөлдөр, уран гартай сийлбэрч болж чадсан байна. Сайн үйл бүтээсэн хүн эрт орой хэзээ нэгэн цагт заавал ач буяныг нь үзнэ.

Хүн биеэ мэдэж, эрдмээ ухаарч, сул талаа танин өөрийгөө ялж чадсан тэр цагт хүссэндээ хүрч, зорьсонтойгоо золгоно.

Хүн язгуураас хоёр их төөрөгдөлд орсоор ирсэн. Нэг нь өөрийн гэмийг бусдаас хайдаг. Нөгөө нь золгүй явдлаа өөрөөсөө холдуулж заяа тавилан төөрөг гэж бодон сэтгэлээ хуурдаг. Өөрийн гэмээ ухаарч чадна гэдэг өөрийгөө ялж байгаа сэтгэл зоригийн тод илэрхийлэл. Гэмээ ухаарч байгаа хүн өөрийн хатгасан гадсанд дахин бүдрэхгүй урагшлах дархлаагаа бий болгож дөнгөж байгаа том ялалт юм. Золгүй явдлаа зохиомлоор холдуулахыг чармайх хэрэггүй. Золгүй явдлыг хүссэн хүсээгүй өөрийн биеэр туулна. Тэр бүгдийг заяа тавилан, төөрөг гэх зүйл рүү чихээд эвлэрээд суугаад байвал удахгүй түүндээ эргэлтгүй ялагдаж боол нь болон дарлуулна.

Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтой дайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэ цэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих, зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаант өвгөд “залхуу хүнд маргааш олон” гэж шоглон, “залхуугаас заяа зайлна” гэж сургамжилж ирсэн. Залхуу занг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуу хүн ямагт сэтгэл дутуутай байдаг. Сэтгэлийн дутууг ялж нөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайн зүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урт насгүй, сайнаар хэлэгдэхгүй, эзэндээ баяр баясгаланг авчрахгүй, бусдад үнэлэгдэхгүй. Тийм болохоор монголчууд “сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно” хэмээн ярьж, хэрэгжүүлж байдаг юм.

“Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ” гэж Бурхан багш сургасан. Шуналын сэтгэлийг ялан дийлэх нь хүний өөрийгөө ялах баатарлаг зориг, аюул гамшгаас биеэ аврах авралын од гийсэн чөлөө учрал билээ. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болоод олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” гэдэг. Атаа, жөтөө гэдэг нь муу хүний муухай араншингийн нэг, ажил амьдралын садаа, амар амгалангийн халгаа, ахиж

Page 32: Titem ug Bagabandi

дэвшихийн хаалт билээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь шүглэсэн бол түүнийг ялж дийлэн, салахыг бод. Атаархал бол ховлох, гүтгэхийн төрсөн дүү байдаг нь жам. Атаа жөтөө, хов жив, гүтгэлэг гүжирдлэг хэзээ ч сайныг дагуулдаггүй тул энэ “ах дүүс”-ээс аль болох холхон байхыг хичээ.

Сэтгэл, үйлдэл, зан араншинд хургасан сөрөг бүхнээс салахын тулд өөрийгөө ялж чадах итгэлийн дархлааг залуу хүн бүр өөртөө ургуулан төлжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө ялах нь ухаантай хүний утга учиртай үйлдэл. Гэхдээ дайраад ирсэн саар бүхнийг ялах гэж зовж байснаас тойроод гарах, ойртуулж хавьтуулахгүй байхыг хичээх нь илүү чухал шүү.

“Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъё хэмээн хичээгтүн.Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээгтүн.Амандаа чалчаа шалигийг бүү өгүүлье хэмээн хичээгтүн.Санаандаа хортой сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээгтүн.

Энэ дөрвөн зүйл хичээлийг хичээн чадваас хэдий бурхан эс боловч сайн хүмүүн болох нь магад болой” хэмээн сударт өгүүлсэн нь бий.

Н.Багабанди:Сайн төрийн толгойд хууль ноёрхож байгЭртний Герегийн домогт жинлүүр барьсан, нүд боолттой нэгэн бурхны тухай өгүүлдэг. Тэр бол шударга ёсны тэнгэр – Фемида гэгч билээ. Домгийн ёсоор газар дэлхий, түүний баялгийг ертөнцийн хүн ард адилхан эзэмших эрхтэй гэнэ. Тийм учраас газар хуваарилахад алагчлах явдал гарч магадгүй гэж нүдийг боож, хүн бүрд тэгш оноохын учир жинлүүр бариулжээ. Домгийн баатар Фемидагийн жинлүүр хожим нь хууль шүүхийн билэгдэл, шударга ёсны билэг тэмдэг болон хуулийн ертөнцөд тухлан заларчээ.

Арван таван жилийн өмнө улс төрийн хүчнүүдийн зөвшилцөлийн үндсэн дээр бүтээгдэн батлагдсан шинэ Үндсэн хуулийн тулгуур зарчим энэ домгийн гол үзэл санаатай үндсэндээ адил.

Монголчууд Үндсэн хуулийнхаа заалт, үзэл баримтлалын дагуу улс орондоо эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн шинэчлэл хийх чиглэлд чамлахааргүй ахиц дэвшилтэй ажиллаа. Төр нийгмийг ардчилахад Үндсэн хууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Эдүгээ хүртэл ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хангахад болон улс орны хөгжил дэвшлийн зорилтуудыг шийдвэрлэх бүхий л үйлсэд Үндсэн хууль зүйрлэшгүй ач буянаа өгч ирэв.

Монгол оронд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Үндсэн хууль баталгаажуулсан. Харин өдгөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх алтан зарчим жинхэнэ ёсоор хэрэгжиж чадаж байна уу? Надад мэдэгдэж байгаагаар бол нийгмийн гишүүдийн дийлэнх нь энэ зарчим шударгаар үйлчлэхгүй байгаа гэж үзэж байна. Олон жилийн өмнө АНУ-д “Талх нууж авбал шоронд орно. Төмөр зам хулгай хийвэл Сенатын

Page 33: Titem ug Bagabandi

гишүүн болно” гэсэн ёгт үг гарчээ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсаныг хамгийн ойлгомжтой байдлаар ёжлон хэлсэн санаа.

Эдүгээ манайд Фемидагийн барьсан жинлүүр тэгш бусаар хувиарлан оноож, алагчлан ялгаварлаж, шударга биш байгаа тухай ам амандаа ярьж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн энэ тулгуур заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үгээ. Үндсэн хуулийн амин сүнс болсон заалтаас ишлэл аван олон дахин ярих нь чухал биш ээ, түүнийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь л гол зүйл.

Монгол улсын иргэн олон улсын эрх зүйн баримт бичигт тунхагласан хүний эрх, эрх чөлөөг бүрнээ эдлэх эрх зүйн боломжийг Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон. “Амьдрал гав гинжнээс чөлөөтэй газарт, аху санаа айдас хүйдсээс ангид ертөнцөд...“ хүн эрх чөлөөний хаант улсын иргэн байж чаддаг билээ. Үндсэн хууль монгол хүний амьдралыг гав гинжнээс эгнэгт салгаж өгсөн. Харин аху санаа айдас хүйдсээс ангид ертөнцөд чөлөөтэй байж хараахан чадахгүй байна. Хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй, ярья гэсэн бодлоо илэрхийлж чадахгүй айж бэргэн, өөр хоорондоо шивнэлдэж, зарим үед амандаа ус балгасан мэт дөмбийж байсан он жилүүдийг Үндсэн хууль батлагдснаас хойш ч бид туулсан. “Үнэнийг сонсохыг хүсч байвал чөлөөтэй ярих боломж олго” гэсэн үг бий. Үнэнийг сонсох эрүүл саруул уур амьсгалыг нийгэм даяар тогтоож өгөөгүй, хардлага, хавчлага сүүдэр мэт дагасан хэвээр байгаа учир айдас хүйдэс, болгоомжлол арилахгүй байна. Чөлөөтэй дугарах иргэний эрх чөлөөг боомилохыг эрх мэдэлтнүүд, буруу явдалтнууд л улайран чармайдаг юм. Урвуу эрх мэдэл гэгч - буруу иштэй хар муна хүний толгой дээр далайж байгаа цагт аху санаа айдас хүйдсээс ангид, чөлөөт ертөнцөд орших аргагүй.

Үндсэн хууль төрийн эрх мэдлийг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт тулгуурлан зохистой, харилцан тэнцвэртэй, хяналттай байхаар хуваарилан бататгаж, эрх зүйт төрийн буурийг засаж өгсөн юм. Хуульд үндэслэсэн эрх чөлөөг дээдэлж, хуулийг сахихад үндэслэсэн эрхийг зөвшөөрч, хуулийг зөвхөн хуулийн аргаар тогтоодог, хуулийн аргаар өөрчилдөг төрийг л эрх зүйт төр гэдэг билээ. Улсын Их Хурал 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн. Өнгөн дээрээ хуулийн аргаар хийсэн өөрчлөлт боловч үндэс суурь нь улс төрийн хуйвалдаанаар тавигдаж Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үл хэрэгсэн батлагдсан юм. Энэхүү өөрчлөлт Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг гажуудуулж, Монгол төрийг доройтуулав. Хариуцлагын тогтолцоог алдагдуулан, хяналтыг үлэмж сулруулсан. Засаглалын эрх мэдлийн тэнцвэр алдагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нийтийн эрх ашгийн төлөө бус нэг хэсэг бүлэг хүмүүсийн цаг зуурын ашиг сонирхлыг хангах зорилгоор хийгдсэний хор уршгийг одоо амсаж байна. Энэ өөрчлөлтийн ганц заалт нь ч өмнөхөөсөө дээрдээгүйг бодохоор гаслам харамсалтай.

Хуулийн бодлогыг ул суурьтай, ухаалгаар, шинжлэх ухаанд суурилан боловсруулж, зорилго чиглэлтэй хэрэгжүүлэхгүй бол ардчилалыг ардчилсан аргаар устгаж, эрх чөлөөг эрх чөлөөгөөр хөөн зайлуулах осолтой нөхцөл бүрдчихэж болох юм. Зарим улс орны түүхэнд ийм эмгэнэлт явдал тохиолдож байлаа. Түүнээс бид ямагт сургамж авах учиртай.

Хууль дээдлэх нь нийгмийн амьдралын хэм хэмжээ байх зарчмыг хэвшүүлэн тогтоох анхдагч нөхцлийг шинэ Үндсэн хууль бий болгосон юм. Үндсэн хууль бол эрх зүйн дээд

Page 34: Titem ug Bagabandi

хүчин чадал бүхий эцэг хууль, өөрөөсөө бусад хуулийг төрүүлж байдаг эх хууль мөн. Энэ хугацаанд нийгмийн олон талт харилцааг ардчилсан ёсоор зохицуулах олон шинэ хуультай болж амжлаа. Хууль зөрчих эрх хэнд ч байж болохгүй нь тодорхой. Тэр тусмаа төрийн зүгээс хууль зөрчвөл иргэн хүн түүнийг яах ч аргагүй хүчин мөхөсдөж хохирох болно. Иймд бүхий л хуулийг чандлан сахих нь төрөөс иргэний өмнө, нийгмийн өмнө хүлээсэн зайлшгүй үүрэг.

“Муу хуультай боловч сайн түшмэдүүдтэй бол улс орныг удирдаж болно. Харин түшмэдүүд муу бол хичнээн сайн хууль байгаад ч нэмэргүй” гэсэн нэрт улс төрчийн хэлсэн үг бий. Иймд төрийн хуулийг ягштал баримтлан ажилладаг сайн түшмэдүүдтэй байх нь сайн хуультай байхаас дутуугүй ач холбогдолтойг эрхбиш анхаарах цаг болсон. Эцэг хуульдаа хүү нь мэт захирагдан, эх хуулиа хүү нь мэт хүндлэн, дээдлэн сахиж, ёсчлон биелүүлж явах нь иргэн ба төр, төрийн хүний аль алиных нь үндсэн болоод журамт үүрэг мөн билээ.

Цагийн аясаар төрийн хууль тогтоомжуудад өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байдаг нь жам юм. Манай Үндсэн хууль ч гэсэн энэхүү жам ёсны гадна байж чадахгүй биз ээ. Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрвэл зайлшгүй анхаарч мөрдөх зүйл бий.

1. Шинэ Үндсэн хууль нийт ард түмний оролцоотой бүтсэн, ардчилсан уг чанартай. Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байгаагийн баталгаа нь Үндсэн хууль мөн тул түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь ард түмний мэдэлд байх ёстой. Үндсэн хуулийг хөндсөн аливаа асуудлаар ард нийтийн санал асуулга буюу өргөн дэлгэр, чөлөөтэй, нээлттэй хэлэлцүүлгийн үр дүн болсон зүйлийг л УИХ хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд баталгаажуулдаг жишиг тогтох нь зүйтэй гэж би хувьдаа үздэг юм.

2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлага, үйл явц, дэс дараалал, дэг горим эхнээсээ эцсээ хүртэл цөм зөвхөн хуулийн дагуу байх учиртай.

3. Аливаа нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь бүтэц, амин сүнс, мөн чанарыг нь илэрхийлэгч эд эсийг гэмтээж болохгүй. Хэрэв тэгэх аваас Үндсэн хууль мөн чанараа алдаж, төрөл арилжих болно.

4. Үндсэн хуулийг явцуу бүлгийн ашиг сонирхолд тулгуурлан, улс төрийн хуйвалдаанаар өөрчлөх оролдлого гаргуулахгүй байх нь онцгой чухал. Үндсэн хуулийг өөрчлөх зорилгоор нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн нь илт байна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид чанга дугарч, чанга дугаргах болов. Ерөнхийлөгчийн улс болохыг хүсэмжлэгчид хариуцлагыг УИХ-ын 76 гишүүнтэй бус нэг хүнтэй тооцох боломжтой болно гэж сэнхрүүлж байна. Хариуцлагын хомсдолд орчихсон монголын нийгэмд энэ үг тод сонсогдож, найдвар төрүүлэхийг тооцсон бололтой. Дэлхий ертөнцийн халуун цэг болж байгаа Ирак орон хүчтэйгээс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай байсан. Ерөнхийлөгч нь үндэсний удирдагч хэмээн цоллогдож, амьд сэрүүндээ хөшөө дурсгалаа сүндэрлүүлэн, магтуулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр ард түмэн нь аллага хядлага, тэсрэлт дэлбэрэлтийн айдас хүйдэс дунд өдөр өнгөрөөж байна. Үндэсний удирдагчаа цаазын тавцанд аваачиж “хариуцлага тооцлоо”. Монголын ард түмэн ийм аймшигийг үзэх нь бүү хэл хар даран зүүдлэх ч үгүй гэж итгэж байна. Тиймээс

Page 35: Titem ug Bagabandi

хяналтгүй дарангуйлагч мөрөөдсөн өөрчлөлтийг яавч дэмжиж болохгүй. Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч ноёрхож байдаг. Би Монгол орныхоо сайн төрийн толгойд хууль ноёрхож байгаасай гэж хүсч байна.

Үндсэн хуулийг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд, төрийн зүтгэлтнүүд, хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутатууд, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажилд хүчин зүтгэсэн үе үеийн парламентын гишүүд, хууль хэрэгжүүлэх, хууль ёсыг сахиулахад оролцож ирсэн бүх хүмүүст төрт ёсны энэ баярын 15 жилийн ойг тохиолдуулан хийсэн бүтээснийх нь төлөө баяр талархлаа илэрхийлэх ёстой.

Төрийн минь сүлд Та биднийг ивээг!

Н.Багабанди:Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэМонголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ.

Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг. “Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа” гэж амжилтын оройд цойлсон эрхэмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий.

Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.

“Эрдэнэсийн арал”, “Хар сум” зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны “Би зовлон зүдүүр нөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар ч нөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна” гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж,

Page 36: Titem ug Bagabandi

бэрхшээлийг сөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай. Суу билэгт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг. “Зоригловол бүтнэ” гэх үг тэдний сэтгэлийн мөнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч “Эр чадал, илд эзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч, бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ” хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэл хадгалагджээ. “Агуу их хатан зориг гэдэг бол агуу их нинжин сэтгэл мөн” гэж америкийн яруу найрагч Г.Лонгфелло шүлэглэсэн.

Бүтээлч хүнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хөмрөг нь далай мэт баялагаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгүй ээ. Суу билэгт Шекспир “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж сургасны учир ийм ажээ.

Зүрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм бүтээх гэж хүсэж мөрөөдөж яваа эрмэлзэл тэмүүлэлд чинь чөдөр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа үйлийг хийхдээ мохошгүй туйлбартай, няцашгүй хатан зоригтой байж, ухааны чадлаа дүүрэн ашиглахыг хичээцгээ.

Манай залууст би чадах болов уу, дийлэх болов уу, бүтэх болов уу гэсэн болгоомжлол түгээмэл. Шийдэмгий зоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хүлээс нь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосоо няцах, чадвараа мохооход хүргэнэ. Болгоомжлох нь нэг талдаа сэтгэлгээний залхуурал мөн. Болгоомжлол гэдэг нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийн архаг хомсдол гэж үздэг хүмүүс байдаг. Болгоомжлол нь яв явсаар хүнийг зориггүй, туйлбаргүй болгох нь бий. Гэхдээ болгоомжлох нь бүхэлдээ муу зүйл биш ээ. Эрүүл саруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтой хольж хутгаж, ад үзэж болохгүй. Эрүүл болгоомжлол нь ямар нэг шийдвэр гаргахдаа юмс үзэгдлийн наад цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомж эргэлзээ нь нинжин сэтгэл, зөн билэг, зөв мэдрэмжээс эх сурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээс сэрэмж сургамж болдог учир эрүүл болгоомж ач тустай. Эрүүл болгоомжтой хүнийг хашир егзөр хүн гэж хүндлэн үгийг нь сонсож, зөвлөгөөг дагадаг нь монголчуудад эртнээс уламжлагдаж ирсэн хэв ёсны нэг мөн билээ. Залуучууд Та нар элдэв шийдвэр гаргахдаа эрүүл болгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэг болгоомжийг таягдан хаяж, зориг золбоотой хичээнгүйлэн шамд. Эмгэг болгоомжлол даамжирвал айдас хүйдэс рүү хөтөлнө. Өөртөө итгэлгүй хүн л аймхай хулчгар байдаг. “Алив муу чанарын дотроос адгийнх нь айж хулчийх явдал мөн”. Хийвэл бүү ай гэдэг. Аймхайчуул хүчээ үзэх, чадал заах, туршиж оролдох, бүтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн үйл амьдралд хүн шиг оролцох нь байтугай олигтойхон тэнүүн амьсгалж чадахгүй болтлоо доройтдог. Тэд үргэлж санааширч, ёстой санаа нь сансарт сачий нь хатавчинд хэвтэнэ. Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийж чадахгүй, уруу доройхон, гутруу гундуухан насаа илээх болдог юм. Ийм дорой амьдралд өөрийгөө аваачиж хэрхэвч болохгүй.

Өөрийн хүчинд итгэл олох замд атаа жөтөө, эргэлзэл тээнэгэлзэл, болгоомжлол, айх сүрдэх зэрэг олон саад бэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааны үр, бусдын чадал эрдэмд хордож мөшөөрхсөн хуудуутай сэтгэл юм. “Атаа хорсол бол төмрийг идэх зэв” гэсэн үг бий. Атаа хорсол өөрөө гүтгэлэг, бусармаг явдал, гэмт хэргийн үүсгүүр. “Атаат хүн хэзээ ч баяр баясгаланг эдэлдэггүй”. Залуу хүн бусдын амжилтанд

Page 37: Titem ug Bagabandi

атаархан жөтөөрхөх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Хүний сайн чанарыг олж харж тусган авч чаддаг, түүнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чин зүрхнээсээ эрмэлзэх бодолтой хүн өөрийн хүч чадалдаа итгэж, хийсэн бүтээсэндээ урамшиж, улам урагшлах зориг хүчийг олж авна. Өөрийн сул талуудаа алхам алхмаар ялж сурах нь амжилтанд хүрэх урт аяны замд чинь найдвартай унаа хөсөг болж өгнө. “Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй гэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө 10 цагаас орой 6 цаг хүртэл өөр ажил хийх шаардлагатайгаа учирлав. Та өглөө 4-өөс 10 цаг хүртэл бүтэн зургаан цаг юу хийдэг вэ? гэж асуухад залуу зураач: “Унтдаг” гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө 4-өөс 9 цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ.

Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний 4-9 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалийг ёсчлон биелүүлж, сул талаа засч залруулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг. Залуус Та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Ийм дэглэмд суралцахын тулд зүтгэл оролдлого зайлшгүй чухал. “Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай. Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүүлж байвал ер түүнээс хол гарахгүй. Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй” гэж хэлсэн зүтгэл оролдлогоо шахан дайчилж байж, хүн төрөлхтөнд давтагдашгүй бүтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хүний үгийг залуус Та бүхэн тусган авч, мөрдөөсэй гэсэн хүслээр дамжуулж байна. Зүтгэл оролдлоготойгоор хичээж чармайвал хэн ч хүсэж мөрөөдсөн том зорилгодоо хүрч чадна.

Н.Багабанди:Төрийн хэрэг түвшин байж,төрсөн биес энх жаргах болтугайЦагаан сар бол өвөг дээдсээс уламжлалтай, олон зууны турш өвлүүлэн хадгалсаар ирсэн ёс заншил, зан үйл, монгол соёлын цогц илэрхийлэл болсон их баяр билээ. Үндэстний давтагдашгүй өнгө төрхийг илэрхийлэх өв сангаа өнө удаан хадгалж ирсэн нь ухаант ардын маань холыг харж, гүнийг бодсон ухаан бодлын үр шим, үе үеийнхний үр хойчдоо өвлүүлж үлдээсэн эдийн хийгээд оюун соёлын дээжис эрдэнэ юм.

Хүмүүн хоорондын хүмүүнлиг нигүүлсэнгүй сэтгэлийн дотоод нарийн харилцааг илтгэн зохицуулагч шид увидас бүхий монгол ариун ёс, хэв заншил, зан үйлийн бүхэл бүтэн тогтолцооны нилээд хэсэг нь цагаан сарын золголт, ёсолгооны үеэр илүү тод томруун, илүү эрхэмсэг ёсорхуу мэдрэгддэг. Цагаан сараар зүг чигээ гарган, зам мөрөө тэгшитгэж, бодол санаагаа ариусган, буяны сэтгэлийг үүсгэж, амны билгийг билэгшээж, ашдын билгийг эрхэмлэн, үг яриа үйл хөдлөлөө цэгцлэн цэгнэж, төрүүлж өсгөсөн эцэг эх, ургийн хэлхээ төрөл садан, нутаг усны ахан дүүс, найз нөхдөө хүндэтгэн дээдэлж, сайныг ярьж, сайхныг ерөөн, монгол үндэстний гэгдэх юм бүхнээ эдэлж хэрэглэн түүгээрээ бахархах нь

Page 38: Titem ug Bagabandi

манай ард түмний дэвшилтэт уламжлал, эрхэм нандин ёс жудгаар далд зохицуулагдаж буй гэгээн сайхан үйлдэл, хожим хойшид ч гээж үл болох эрхэм соёл билээ.

Гэрэл тусч байвал сүүдэр дагадаг болохоор тээж уламжлах сайн сайхан зүйлийн хамт гээж үлдээх үеэ өнгөрөөсөн саар зүйл ч цагаан сарын цогц дотор багагүй хуримтлагдсан. Тэдгээрийг хүмүүс мэддэг бөгөөд шинэчлэх нь зүйтэй гэж ярилцдаг, хэвлэл мэдээллийнхэн ч асуудал дэвшүүлэн хэлэлцүүлдэг.

Аливаа шинэчлэл өөрчлөлтийг зөвхөн уламжлалд үндэслэн хийх ёстой, өөр зам сонговол уугуул хөрснөөс хөндийрч хий зайд дүүжлэгдэн, алдаа мухардлаас өөр зүйлд хүрэхгүй. Шинэтгэл бол чухамдаа уламжлалыг л шинэчлэнэ гэсэн үг. Тэр уламжлал байж байж л шинэчлэл боловсорно. Шинэчлэлд уламжлалыг эс тооцвоос шинэтгэл бус сүйтгэл болж хувирна. Сүйтгэлээс зайлсхийхийн тулд уламжлалаа шинэчлэх аргаар хадгалах ёстой. Тэгэхээр цагаан сарын ёслолд хийх шинэчлэл нь цагаан сараа өөр нэг цоо шинэ зан үйлээр орлуулна гэсэн үг ердөө ч биш. Цагаан сарынхаа эрхэм нандин уламжлалд тулгуурлан утга учраа алдсан зүйлсийг нь л цаг үетэйгээ уялдуулан шинэчлэнэ гэсэн санаа юм. Цагаан сараар өглөг буяныг хичээж, бэлэг сэлт солилцдог нь нийтийн заншил болсон билээ. Гэхдээ гол нь гар цайлгахаасаа илүү сэтгэл цайлгах нь энэ баяр ёслолын уг язгуурынх нь их гүн агуулга байжээ. Сэтгэл цагаан бол үйл мөр ариун, үйл мөр ариун бол үйлс зорилго бүтэмжтэй, өнөө хойчдоо ээлтэй гэдэг.

Цагаан сараар өгдөг үрэлгэн, утга багатай бэлэг сэлтэд зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй. Зарим айлууд ах дүүсээрээ ярилцаад цагаан сараар ямар нэг бэлэг өгөлцөж авалцахгүй гэж тохирсон байна гэсэн. Бэлэг авах мөнгөө ахан дүүс хотлоороо нийлүүлж амьдрал зүтгүүхэн байгаа нэгнийдээ хэрэгтэй зүйлийг нь авч өгч бэлэглэдэг гэнэ. Бас бэлэг авах мөнгөө төрөл төрөгсөд тохирон нийлүүлээд жил жилд нэг айлдаа хэрэгцээт эд агуурсыг нь бэлэглэдэг болсон гээд илүү утга учиртай ханддаг болж байгаа шинэлэг аргуудаас санаа авууштай.

Сар шинийн өдрүүдэд сархад дарс хэтрүүлэхгүй, сөргүү үг хэлэлцэхгүй, саар үйл хийхгүй гэсэн ариун ёс дэгийг өвөг дээдэс маань эртнээс хүндэтгэн сахисаар ирсэн. Өвөг дээдсийнхээ энэ мэт эрхэм нандин ёсыг өнөө цагийнхан сэвтээж булингартуулахгүй, эвдэж бусинуулахгүйгээр өвлөн уламжилж, хойч үедээ буухиалан дамжуулах нь бидний үүрэг. Сар шинийн ёсолгоонд хожуу хойно орж ирсэн нанчид ахиу хүртэх буруу үйлдэл шинэчилвэл зохих зан үйлийн жагсаалтын манлайд зогсох ёстой. Архи идээний дээж гэх боловч хэтрүүлэн хүртвээс цагаан сард хар мөр үлдээж чадах, “савнаасаа бусдыг дийлэх” араншинтай учраас урьдаас болгоомжлон татгалзах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд цагаан сарын үеэр цөөнгүй айл өрхийг хар нулимсанд хутгасан гашуун үнэнээс сургамж аваасай гэж билэггүй энэ үгийг сэрэмжлүүлэн, санаа зовнин хэлж байна.

Сар шинийн идээ будаа, ууц шүүсэнд ч амьдран буй орон гэр, оршин буй цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх зүйл багагүй байгааг цааш цаашдаа бодож тунгаана биз ээ. Сар шинээр өнгөтэй жавхаатай байхыг хичээхдээ баярхан бардамнах хэрэгцээ шаардлага хэтээсээ байхгүй гэдгийг санацгаая. Хэт сунжирсан, үрэлгэн нүсэр байдлыг ч шинэчлэх дансныхаа жагсаалтанд оруулбал зохистой. Цагаан сарын үеэр болдог ёслол хүндэтгэл, зан үйлийн дотор өөрийнхийгөө шинэчлэн төгөлдөржүүлэхийн хамт дорно дахины бусад

Page 39: Titem ug Bagabandi

гүрэн улсын хүн ардаас санаа сэдэл авах юм бас байдаг байна. Зарим улс оронд энэ баярыг өвөг дээдэс, эцэг эхдээ хүндэтгэл үзүүлэх гол баяр болгон үрлэг зарлага, бэлэг сэлт багатай тэмдэглэдэг бололтой. Цагаан сараар үр хүүхдүүд нь эцэг эхээ хүндэтгэн хайрлан сөгдөн мөргөдөг, тэднээсээ алтан сургамжийг нь шимтэн сонсдог уламжлалтай орон бас байна. Мөн хүүхэд залуу насандаа аав, ээжийнхээ үгэнд оролгүй болчимгүй загнаж байсан, уур ундууг хүргэсэн, зовоож гомдоож байсан дүрсгүй үеэ ярьж эцэг эхээсээ уучлал гуйдаг зан үйлтэй улс орон байдаг гэнэ. Цагаан сараар хүүхдүүд нь аав ээждээ мөнгө бөөгнүүлэн өгч өтөл амьдралд нь тус нэмэр болдог шинэ цагийн уламжлалтай улс ч биднээс холгүй байдаг юм байна. Тухайн ард түмний уламжлалд байгаагүй зүйл голдуу гаднаас нэвтрэн орж ирдэг бөгөөд түүнийг зохиомлоор хааж боох гэвэл дэвшлийн замд саад тотгор учирч болно. Гагцхүү тэр нэвтрэн ирж буй зүйлийг уламжлалтайгаа холбож, өөрийн уламжлалаа шинэчлэхэд л ашиглах бүтээлч хандлага чухал юм. Үхрийн нүдний бут мөсөн дээр ургадаггүй шиг аливаа шинэ юм хэрэгцээгүйгээр нэвтэрдэггүй билээ. Орон гэр, орчин тойрноо хир буртаг хог новшноос салгах нь золгох жилдээ сэтгэл хиргүй, үйлс цэвэр байхын эрхэм билэг дэмбэрэл мөнийг бодож, цэвэр цэмцгэр шинэлэе.

Сар шинийн баярын хамгийн хүндтэй хүмүүс - ахмад настан, өтгөс буурлууддаа энх тунх байж урт насалж, удаан жарган төр түмэндээ, төрсөн тэлсэндээ өнө удаан өмөг түшиг болж явахын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Үр хүүхэд, ач гучаа тойруулан, төрөл төрөгсөд, түмэн олонтойгоо амар мэндээ мэдэлцэж, хатуу өвлийг давж, урин хавартай золгосны баяраа хуваалцаж байх нь буянтай буурлуудын чухам аз жаргал мөн билээ.

Монгол түмнээ зуу зуун жилээр тэжээж хооллож ирсэн малчин олондоо мах идэж, сүү уудаг хүн бүр насан туршдаа баярлах ёстой. Та бүхэн маань даага далантай, бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй даамай сайхан шинэлээрэй. Гарч байгаа гахай жилдээ Монгол түмэн маань бууршгүй буянтай, сааршгүй сантай, төрийн хэрэг түвшин байж, төрсөн биесүүд энх жаргахын ерөөл дэвшүүлье.

Ерөнхийлөгч Асан Н.БАГАБАНДИ Чикаго, Блүүмингтоны Монголчуудтай... 2005 оны 12 сар. Bloomington, IN

Н.Багабанди:ХҮМҮҮН СУРТАЛГҮЙ БОЛ УХААН ҮГҮЙXIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн

Page 40: Titem ug Bagabandi

суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь багсайсан их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцлуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч - оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус Та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун.

Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн олон арван жилд цогцлуулах оюуны сац суварганыхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу үзэсгэлэн төгөлдөр байх болно.

Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцахдаа түүнээс залгаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж авахгүй бол үргэлж дутмаг, ямагт гологдмол хүн болж, ажилгүйчүүдийн армид сайн дураараа алба хаах бэлтгэлээ сайтар базааж авна гэсэн үг. Надтай уулзсан их, дээд сургуулийн багш нарын амнаас сэтгэл гонсойлгосон, санаа алдмаар үг сонсогдох болсон. Одоо цагт сурч мэдье гэж үнэнээсээ мэрийж байгаа, сурах эрмэлзлээр шатаж яваа залуус тун ховор болсон шүү. Яахав дээ ихэнх нь тэгж ингэсхийгээд нэг юм төгссөн болж байна гэж багш нар ярих юм. Энэ надад гунигтай, халагламаар, харамсалтай сонсогддог. Залуус ирээдүйдээ иймэрхүү байдлаар бэлдэж огт болохгүй ээ. Тэдний амьдрах эрин зуун бол мэдлэг мэдээллийн эрин зуун, оюун ухааны хатуу ширүүн өрсөлдөөний он жилүүд. Энэ өрсөлдөөнд бэлэн бус бол сайн сайхан, тэгш дүүрэн амьдрал хоосон мөрөөдөл төдий л өнгөрнө. Би залуудаа мөн мунхаг байжээ гэж хожмын нэгэн өдөр харамсан халаглахгүйн тулд одоо мэрийн хичээж суралцах хэрэгтэй. Төр улсаас, эцэг эхээсээ өч төчнөөн өртөг зардал, үрлэг сүйтгэл гаргуулж сурчихаад үр шимийг хүртэхгүй бол утга учиргүй явдал болно. Сурснаа ажил амьдралд хэрэглэж

Page 41: Titem ug Bagabandi

чадахгүй, өөрийнхөө бие даасан амьдралыг ч босгож, тордож дийлэхгүй байгаа мэргэжилтнийг орчин цагийн эрдэм ухаанд нэвтэрсэн хүн гэж үзэж, дүгнэж болох уу? Амьдралд хэрэг болох зүйлийг нэн түрүүн сурахыг хичээх хэрэгтэй юм. Эдийн засагч мэргэжил эзэмшсэн мөртлөө өрх гэрийнхээ орлого зарлагыг ч зөв тооцож, зохицуулж, төлөвлөж чадахгүй байгаа хүнийг “мэдлэгийн хүйтэн агуулах” гэж нэрлэхээс аргагүй. Хүн мэргэжлээ хэний ч өмнө нүүр улайж, нүд бүлтэлзэхгүйгээр эзэмших хэрэгтэй. Тийм мэргэжилтэн хаана ч газардахгүй. Би хэдэн жилийн өмнө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм. Дээд сургуульд орж чадаагүй гэж сэтгэл дундуур явдаг нь заримынх нь үг ярианаас мэдрэгдэж байлаа. Тэдний нилээд нь тогоочийн мэргэжил эзэмшихээр сурч байсан. Хоол иддэггүй хүн гэж байхгүй, амттай сайхан хоолонд дургүй хүн байхгүйгээс эхлээд тогоочийн мэргэжил хичнээн чухал болохыг би тодорхой жишээн дээр тайлбарлаж, сайн тогооч болчихвол та нар ажил олох гэж дугаарлан зогсох биш, та нарыг өрсөж ажиллуулахаар ажил олгогчид дугаарлах болно гэдгийг хэлж өглөө. Бээжинд өндөр цалинтай хүмүүсийн жагсаалтын нилээд дээгүүрт сайн тогооч нар байдаг гэсэн. Японд түүхий загасны гуанзанд тогооч болохын тулд сургууль төгсөөд 10 гаруй жил шат шатанд ажиллаж, шат шатны шалгалтыг давж байж үйлчлүүлэгчийн нүдэн дээр улаан гараараа далайн хоол хийх эрхийг олж авдаг, цалин хөлс маш өндөр байдгийг сонссон тухайгаа ярьсан. Бидний уулзалтын төгсгөлд тэр хүүхдүүдийн нүдэнд ирээдүйдээ итгэх итгэлийн оч гялалзан, сэтгэл хөдлөн баяртай суугаа нь илт харагдаж байлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцаж байгаа хүүхдүүд амьдралдаа зөв сонголт, зүйтэй алхам хийжээ гэж хэлэх байна. Сургууль төгсмөгц шууд сайн мэргэжилтэн болчихгүй ээ. Тэд ажилд нухлуулж, өөрснөө хичээж байж алтан гартай ажилчин болж лавтайяа чадна. Алтан гартай ажилчин аль ч нийгэмд, хаана ч эрэлт хэрэгцээтэй. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж ч харьцангуй өндөр байх болно. Гэр бүлдээ нэртэй хүндтэй, нийгэм олонд хэрэгтэй алдартай сайн хүн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү өөрсдөө хичээх хэрэгтэй.

НацагийнБагабанди Титэм үг

Page 42: Titem ug Bagabandi

Титэм үг гэгч номыг анх дэлгэхэд шууд 3р хуудас нээгдлээ. “Ухаарлын толь”

хэмээн гарчигласан байхыг хараад унших хүсэл өөрийн эрхгүй төрж түргэн

түргэн уншлаа. Бүр дараагийн үгийг унших гэж яараад байлаа. Номыг мялааж

бичсэн Л.Түдэвийн үг гайхалтай уран цэцэн агаад дэндүү сайхан ажээ. Хаан

хүний толгойг титэм чимдэг билээ, харин эрдэмт хүний толгойг эрдэм мэдлэг

чимэх биз хэмээн би бодож байна.

Ингээд  гүн ухааны доктор, улс төрч Монгол улсын ерөнхийлөгч асан

Н.Багабандийн “Титэм үг” хэмээх гайхалтай номыг уншаад ойлгосон зүйлсээ

өөрийн үгээр хачирлан та бүхэнд толилуулж байна.

Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй

Хүмүүн бид эхээс төрөхдөө бүгд яг л ижилхэн төрдөг. Тийм атлаа хүний

нийгэмд байгаа эдгээр хүмүүс хоорондоо дэндүү ялгаа зөрүүтэй байна. Ухаант

хүмүүн, мунхаг хүмүүний хоорондын эдгээр ялгаа нь суралцсан эс

суралцсанаас үүсдэг билээ. Эрдэм мэдлэгтэй, ухаалаг хүн анхнаасаа тэгж

төрдөг бус харин түүнийг амьдралынхаа туршид цуглуулдаг. Харин мунхаг,

мэдлэггүй хүмүүс бусдын эрдэм мэдлэг олж авахад зориулж буй цаг хугацааг

хий дэмий үрж өнгөрүүлдгээрээ ялгаатай. Арван жилийн сургуульд сурч

байхдаа дараагийн олон арван жилд цогцлуулах оюуны мэдлэгийн

суврагынхаа суурийг цутгаж байгаа хэрэг. Харин их дээд сургуульд 4-5 жил

суралцахдаа 40, 50 жил амрдралдаа хэрэглэх оюуны мэдлэгээ хурааж байгаа

хэрэг ажээ. Харамсалтай нь өнөөгийн бидний нийгэмд суралцах чин хүсэл

эрмэлзлэлтэй хүүхэд залуучууд тун цөөхөн болсон нь анзаарагддаг. Ихэнх нь

мэдлэг олж авахын төлөө бус дүнгийн төлөө суралцдаг болжээ.

Маш сайн сурч, бүрэн төгс эзэмшиж чадвал мэргэжил бүхэн сайхан, мэргэжил

бүхэн бидний амьдарч буй нийгэмд хэрэгцээтэй гэдгийг ухаарах хэрэгтэй.

Мэргэжлээ сайн эзэмшиж чадаагүй хүнийг “мэдлэгийн хүйтэн агуулах" хэмээн

нэрлэвэл зохилтой.

Хичээл зүтгэл амжилтын үндэс

 Бүх хүмүүс эрдэм ном сурах шидэт түлхүүрийг хайж байдаг. Гэхдээ тэр

түлхүүр нь өөрсдөд нь байж л байдаг гэдгийг мэддэггүй. Энэ бол нугарашгүй

Page 43: Titem ug Bagabandi

хичээл зүтгэл юм. Орчин үед эцэг эхчүүд хүүхдэдээ өндөр боловсрол

эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч, юугаа ч хайрлахгүй байдаг болсон нь тун

сайшаалтай. Гэхдээ ямар ч нэр хүндтэй сайн сургуульд сурч ямарч эрдэмтэй

багшаар заалгасан мэдлэг тархи толгой руу сүү юүлж байгаа мэт цутгаж

орохгүй шүү дээ. Эрдэм мэдлэг цутгагдаж биш шүүгдэж байдаг юм. Өөрөөр

хэлбэл шүүлтүүрээр шүүхэд зарим хэсэг нь шүүлтүүрт үлддэг шүү дээ. Яг түүн

шиг хүний тархи мэдлэгийг 100% хүлээж авч чаддаггүй. Мэдлэгийн хэдэн

хувийг олж авах нь тухайн суралцагчийн хичээл зүтгэлээс л шалтгаална.

Нэгэн алдартай зураач шавь нартаа ийнхүү хэлсэн байдаг: “Та нар үнэхээр

билэг авьяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрэв

авьяас үгүй бол хичээл зүтгэл түүнийг чинь орлоно.”

Цаг бол алт

Хэнийг ч алагчлан ялгалгүй хүн болгонд яг адилхан заяасан зүйл бол

амьсгалах агаар, цаг хугацаа хоёр байдаг билээ. Цагийг үр бүтээлтэй

өнгөрүүлж чаддаг хүн л амжилтанд хүрдэг. Монголчууд бидний хувьд цаг

ашиглах тал дээр үнэхээр маруухан. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш

хэмээн хойш тавьсаар хийх ажилдаа дарагдаж цаг хугацаанд хавчигдах нь

бий. Бидэнд цаг хугацааны боол болж биш, цаг хугацааг боолчилж амьдрах

боломж бий. Энэ бол “Цагийн юмийг цагт нь хийх” явдал юм. Өнгөрсөн нэг

минут ч бидэнд эргэж олдохгүй. Өнөөгийн залуус “Бидэнд чөлөөт цагаа

өнгөрөөх газар байдаггүй” гэж гомдоллодог. Гэтэл бидэнд чөлөөт цаг байх

учиргүй юм. Өнөөдөр хийх ёстой ажлыг маргааш хэмээн хойш тавьж

өнөөдрийн цаг хугацааг өөртөө чөлөөт цаг болгон бэлэглээд дасчихжээ бид.

Тэгээд маргааш хийх зүйлээ нөгөөдөр, нөгөөдөр хийх зүйлээ тэрний маргааш

гэж шилжүүлсээр... Ингэж явсаар хамгаас чухал ажлаа хэзээ ч хийж амжихгүй

байж магадгүй юм шүү! Бага залуу насандаа цагийг үр бүтээлтэй ашиглаж

сурахгүй юм бол цагийг нөгцөөдөг муухай зуршилтай болчихно. Хүний зуршил

гэгч хаалгаар гаргаад хаяхад тооноор ороод ирдэг тийм л салахад хэцүү зүйл

юм шүү! Ямар ч өгөөмөр хүн байсан цаг хугацааг хатуу харамладаг байх

хэрэгтэй. Хүнтэй цаг тохирчихоод тэвчээрийг нь барагдтал хүлээлгэх нь хүнд

суртлын хамгийн адгийн шинж, соёл боловсролгүйгээ харуулах дохио юм.

Үүнээс гадна ямар ч хүнийг удаан битгий хүлээ. Өөрийн тань хамгийн үнэтэй

Page 44: Titem ug Bagabandi

цаг хугацаанаас хумслан хулгайлж байгаад нь түүнийг хүлээхгүй байж

шийтгэ! Бүр хүлээх хэрэгтэй юм бол хүлээж байхдээ зүгээр битгий суу! Танд

унших, цээжлэх зүйл олон байгааг сана!

№1. ТИТЭМҮГ2009-08-01 13:06

Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

-Титэм үг-

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ. Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлэгэнд “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов” гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж “нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх” мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал “эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох” хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

Page 45: Titem ug Bagabandi

Залуу хүн чи юуны өмнө гутранги үзлээс салж, өөдрөг үзлийг тархи толгойдоо бат шингээ. “Жинхэнэ өөдрөг үзэл нь бүх зүйл сайн болно гэсэн итгэл үнэмшил дээр бус, бүх зүйл муу болохгүй гэсэн итгэл үнэмшил дээр л суурилдаг”-ийг мэдэж ав. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөдрөг үзэлтэн байсан. Тэд өөдрөг үзлийг үнэт эрдэнэ мэт үзэн, салж хагацахгүй түүнтэй нөхөрлөсөөр амжилтын оргил өөд мацсан. Өөдрөг үзэл чамаас салан одвол үйлс заяа чинь уулын оройгоос бэл рүү өнхрөх чулуу мэт уруудан, улмаар доройтно. “Өөдрөг үзэлтэн бол хэзээ ч зовлон үзэж байгаагүй хүн бус харин цөхрөлийг туулж, түүнийг ялсан тэр хүн байдаг” юм. Өөрийн амьдралын замыг өөрөө бүтээ. Энэ хорвоод харагдаж байгаа замаас харагдахгүй байгаа зам нь олон байна. Харагдахгүй байгаа тэр замыг хайж эрж ол. Харагдахгүй байгаа замаар явж, зорьсон зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт бат итгэлтэй бол. Ингэж байж өөрийн гэсэн замыг өөрөө бүтээх сэтгэлийн тэнхээ, итгэлийн хат суун хуримтлагдана. Тэгээд “зорьсон замаараа л яв, хүн юу гэж л хэлбэл хэлэг!”. Аль ч ажил асуудлыг болох, бүтэх талаас нь олж харж сур. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй гээд бодчих юм бол болж бүтэх юм ганц ч тохиохгүй. Аль ч зүйлийг өөдтэй, өнгөтэй талаас нь харж бай. Нүднийх нь өмнө тас хар хөшиг татаастай хүний амьдрал түнэр харанхуй шөнө мэт байсаар дуусна.

Өлөн чоно идэш олж идэх зорилгоор олон уул нурууг даван дамнан гүйдэг бол салхинд туугдан өнхөрч яваа хамхуулд тэнд заавал хүрнэ дээ гэсэн зорилго байхгүй. Хүн хамхуулын адил зорилгогүй амьдарч яагаад ч болохгүй. Хүн зорилгогүйгээр олигтой юу ч хийж дөнгөхгүй, юунд ч хүрч дийлэхгүй. Ойрын зорилго тавиад холд хүрнэ гэж үгүй. Хэт бага зорилгоор хэмжээгүй ихийг бүтээж эс чадна. Зорьсон зорилгогүй бол тэнгэр бурханаас заяасан тэнгэрлиг авьяастан ч амжилт олохгүй бүдэрнэ, алсад хүрэхгүй зогсоно. “Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй” гэж их бичгийн хүн хэлсэн байна. Хэтийн зорилго ямагт урагшлахыг шаардана. Гэхдээ хэт яарах хэрэггүй, хэтэрхий алгуурлаж ч болохгүй. Хүрч чадах, хийж дөнгөх зорилго тавь. Хүрсэн түвшингээсээ алхам алхмаар ахиж урагшлах боломж чамд ямагт нээлттэй байгаа. Хэрээс хэтэрсэн зорилгыг ажил болгоход төвөгтэй. Нэгэнт хүссэн бүхнээ хийж чадахгүйгээс хойш хийж чадах зүйлээ хүсэх нь ухаалаг шийдэл мөн. Зорилго тавьсан бол заавал хүрэхээр шамд!

Өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүл. Үр дүн зайлшгүй гарна. Бусдыг сонсолгүй яахав, гэхдээ аливаад өөрийн бодолтой бай. Өөрийн бодолтой хүн хэзээ ч салхинд туугдсан хамхуул шиг зүг чиггүй хийсч дэгдэж явахгүй ээ. “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал” гэсэн нэртэй зүстэй хүний хэлсэн үг бий. Тэгсэн хэрнээ өөрийн тархи толгойгоор сэтгэж байж л амжилтын оргилд гардаг

Page 46: Titem ug Bagabandi

нь маргашгүй үнэн билээ. Хүний хэлсэн ярьсаныг тоть шиг давтах, хүний хийсэн хөдөлснийг сармагчин шиг дуурайх нь ухаантай хүний хийдэг ажил биш. Өөрийн ухаанаар өөрийн амьдралыг жолоод. Бодох толгой байвал өмсөх малгай хэзээд олдоно. Өөрийн хийх ёстойг өрөөл бусдаар шаардуулахгүй, шахуулахгүй хийчихвэл сайн. Өөрөө юу хийхээ өрөөл бусдаар заалгахгүй байвал бүр сайн. Өөрийнхөө мэргэн ухаанд итгэ. Энэ мэргэн ухаан чамд бий. Мэргэн ухаан дор хаяж гурван чухал үйлдлийн эх үүсвэр болно.1. Гайхалтай зөв шийдвэр гаргах;2. алдаа мадаггүй ярих;3. хэрэгтэй зүйл хийх. Нэгэнт хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн бол эргэж буцалгүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй, түс тас шийдвэрээ гаргаж бай. Шийдвэр гаргах олон хувилбарууд дундаас хамгийн оновчтойг нь онож сонго. Гаргасан шийдвэр дээрээ бат зогсон хамгаал. Шийдвэрийнхээ хэрэгжилтийг өөрөө хариуц, биечлэн хяналт тавь. Шийдвэр гаргахдаа алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрч сур. Алдаанаасаа суралц. Нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг хүний шинж.

Алдаа мадаггүй ярьж байж алдаа мадаггүй хийнэ. Ам хэлээ мэдэж яв. Хэлэх ярихаа цэнэж бай. Ам алдвал барьж болдоггүй. Амаа хичээхгүй бол гай тарина. Хүний амаар сүржигнэснээс өөрийн амаар учирла. Үг нь их, үйл нь бага болохоос сэрэмжил. Мэс аюултай. Үг, мэснээс ч илүү аюул тарьж мэднэ. Мэс нэг иртэй, нэг мөртэй. Үг нэг иртэй, олон мөртэй. Олон мөр дотор ачлах агуулга ч бий, бачлах аюул ч бий. Үгээр үхүүлж ч болно, үгээр сэхээж ч чадна. Алтан хушуу өргөхөөс алсхан дөлж яв. Алтан хушуу аянганаас аюултай, агтнаас хурдан. Хөөтэй тогоо үүрч ирсэн хүнийг хүндлэн дээдэлдэггүй юмаа гэхэд хүлцэн тэвчиж, хэлэх үгийг нь тогтон сонс. (Таагүй мэдээ дуулгахаар ирсэн хүнийг өвөг монголчууд чи юунд хөөтэй тогоо үүрч ирэв гэж асуудаг ёсон бий). Үгэнд унах нь нүхэнд унахаас хэцүү гэдгийг залуу хүн бүр бодож яв. Ухаан мууттай үгээр уралдахын хэрэггүй. Үг яриа хүн бүхэнд байдаг бол ухаан цөөхөнд нь заяадаг юм.

Өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай зүйлийг хий. Өөрт оногдсон ажлаа хүнд гологдохооргүй гүйцэтгэ. Хүн бүхэнд оногдсон ажил гэж бий. Ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий. Цагийн юмыг цагт нь амжуул. Хүнд учирч болох хамгийн том гай бол цагийн гарз. Хий дэмий сууж хайран цагийг бүү үр. Хэрэггүй зүйлээр оролдож хайран биеэ бүү зовоо. Ажил үйл хийхийн өмнө бүгдийг ул суурьтай бодож төлөвлө. Хийхдээ ч нягт нямбай, ул суурьтай хийж бай.

Сул талаа бусдад дэлгээд байх шаардлагагүй. Гэхдээ сул талаа өөрөө мэддэг байх хэрэгтэй. “Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй”.

Page 47: Titem ug Bagabandi

Сулхан хүн өөрийн сул талыг төдийлөн таньж мэддэггүй. Харин жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаарч, түүнийгээ нөхөж чаддаг юм. Оройтоогүй дээрээ хамхуулын амьдралаас хагацан салах эр зоригоо чангал. Оройтвол амжихад бэрх болно. Хүссэн зорьсондоо хүрэхээр оролдоод, хичээгээд үз. Оролдлого сайт оройд нь гардаг, хичээл сайт хэргээ бүтээдэг юм шүү.

Н.Багабанди

Жаргах цагтчнөхрийн чанартанигдана2009-12-13 02:49

Н.БАГАБАНДИ

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг эрин зуунаар шалгагдан нотлогдсоор бидний үетэй золгожээ. Зовох цагт гар сунган, сэтгэл гарган тусалж байгаа хэн боловч сайн нөхөр. Тусалж сүйд болох чадал мөхөс ч сэтгэл уужирч, дотор онгойх цөөн ч атугай хэдэн үг чин зүрхнээсээ хэлж байгаа хүн чиний эрхэм дотны нөхрөөс өөрцгүй. Зовох цагт гар татуу, сэтгэл дутуу, атаа харамын хор шингэсэн баргар царайгаа харуулан зовлон дээр зовлон нэмэгч сайн нөхдийн эгнээнд байх эрхгүй. Зүрхний угаас бус хэлний үзүүрээр хий хоосон өрөвдөж, ёс болгон хөөрхийлөгчийг нөхрөө гэж андуурах хэрэггүй. Өрөвдөж хайрласан сайхан үг цувуулан урсгах мөртлөө өрөвдөх сайхан сэтгэлээ эс үзүүлэгч сайн нөхөр хэзээ ч байгаагүйг мэд. Дотор бачуурч, сэтгэл давчидсан цухал үед чамайг ойлгож, чиний сэтгэл зовинолын билэггүй яриаг тэвчээртэй сонсож, зовлонг хуваалцдаг нөхдөдөө таларх.

Өвдөж зовсон цаг дор тор дүүрэн бэлэгтэй ирж, эрүүл энхийг ерөөж байгаа найз мэдээж сайн хүн. Тор дүүрэн бэлэггүй ч тэвэр дүүрэн инээд бэлэглээд явж байгаа анд чинь түүнээс дутуугүй сайн хүн болохыг тань. Бүх зовлонгийн дотроос өвдөх шиг адгийн зовлон үгүй. Цорын ганцхан тохиолдолд л өвдөх сайхан гэж хэлсэн ухаантны үг байдгийг сонсоод бүү гайхаарай. “Эдгэрэхийг чинь айсуй баяр мэтээр хүлээж буй сайн нөхөд бий гээд бодохоор өвдөх ч сайхан”.

Зөвхөн зовох цагт төдийгүй жаргах цагт ч нөхрийн жинхэнэ

Page 48: Titem ug Bagabandi

чанар танигддаг ажээ. Нэгэн ахмад дайчин ойр дотны нөхдийн хамт найрлаж суунгаа гэнэт, энэ урт удаан амьдралын туршид надад үнэнч найз нөхөд байсангүй гэж хэлээд шүүрс алдав. Чи ингэж ярьж арай ч болохгүй, юу ярьж байгаа юм бэ гэх мэтээр нөхөд нь тал талаас нь шуугилдав. Нэг нөхөр нь түрүүлэн ам нээж, чамайг хөөгдөн туугдаж, гадуурхагдан шоовдорлогдож явахад өмөөрч өмгөөлсөн хүн хэн билээ, эргэж нэг санаач! Тэр нөхөр чинь би байна, чиний өмнө амьд сууж байна гэв. Нөгөө нэг нөхөр нь, чиний байшинг дайснууд шатааж орох оронгүй болсон үед чамтай хамт шинэ байшин барилцсан хүн хэн билээ? Би хамт байсан шүү дээ гэв.

Гуравдахь нь, амь хайргүй тулаанд чамтай мөр зэрэгцэн явж, чамайг амь биеэрээ хамгаалж байсан нөхдөө мартлаа гэж үү гэв. Ахмад дайчин, миний төлөө та бүхэн юу хийснийг би бүгдийг маш тод сайн санаж байна. Та нартаа хайртай, чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Та нар миний зовж явсан үеийн чанараа таниулсан найз нөхөд. Гэхдээ жаргалтай үед надад найз нөхөд байгаагүй гэдэг чин үнэнийг би та нарт хэлэх ёстой. Миний амьдралд жаргалтай явсан мөч хуруу дарам цөөхөн дөө. Нэг удаа ан хоморго хийж явахад би ноёнтны амийг аварч билээ. Тэгэхэд ноёнтон бүхний нүдэн дээр намайг чанга тэвэрч, жинхэнэ баатарлаг эр хүн гэж үнэлсэн. Бүгд л надад сайн сайхан үг хэлсэн, харин найз нөхдийн маань зүрх сэтгэл нь чив чимээгүй байсан юм.

Нэг удаа би дайчин нөхдөө удирдан дайснаа бут цохиход намайг ард түмний авран хамгаалагч, ардын баатар хэмээн мандуулж байлаа. Энэ үед найз нөхдийн маань зүрх сэтгэл мөн л чив чимээгүй байсан. Хамгийн шилдэг бүсгүйг эхнэрээ болгон авч хуримлаж байхад мөн л зүрх сэтгэлээсээ бидэнд баяр хүргэсэн найз нөхөд байгаагүй. Хүн аз жаргалтай байх үедээ уулын оргилд байгаа мэт. Оргилд байгаа хүнд биш, бэлд байгаа хүнд л найз нөхөд нь зүрх сэтгэлээсээ ханддаг юм билээ. Жаргах цагт ч найз нөхдийн чанар танигддаг бөгөөд аз жаргалтай үед жинхэнэ үнэнч найз нөхөд байдаггүй гэдгийг би ойлгосон гэж ахмад дайчин хуучилсан тухай сургамжтай домог байна. Эртний энэ домог яриа үнэнд нэн ойр. Хамгийн гол нь жаргах цагт ч нөхрийн жинхэнэ яс чанар танигддаг нь гарцаагүй үнэн билээ. Анд нөхрийнхөө аз жаргалтай мөч бүрийг чамд тохиосон баяр мэтээр зүрх сэтгэлдээ мэдэрч түүний

Page 49: Titem ug Bagabandi

өмнөөс чи илүү баярла. “Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хайрлаж байгааг мэдэрсэн баттай итгэл юм”.

Аз жаргалтай мөчийг чинь жинхэнэ ёсоор, чин сэтгэлээсээ хуваалцаж байгаа анд чинь ан авд хамт явж болох үнэнч нөхөр мөн. Атаархлын хор цусанд нь шингэж судсаар нь гүйж байгаа зүрх анд нөхрийн сэтгэлээр хэзээ ч цохилохгүй. “Андын атаатан илүү нөхөр” гэдэг үг андын үүргээ умартсан хүмүүсийн буруу үйлдэл, бусармаг явдлаас болж анх хэлэгдсэн байх магадлалтай. Андын баг өмсөж, нөхрийн нөмрөг нөмөрсөн хоёр үзүүртэй зүү шиг инээд нь ил, хорлол нь далд хүмүүсээс үргэлж болгоомжил. Тэд сайн нөхөд байж хэзээ ч чадахгүй. Хоёр үзүүртэй зүү хоёр талдаа иртэй хутганаас ч аюултай. Найз нөхдөө хийж чадах, хэлж болох бүхнээрээ дэмжихийг хичээ. Ойр дотны хүмүүстээ хүчтэй дэмжлэг болж дээш татах ёстой болохоос хүнд ачаа болж доош чангааж болохгүй. Сайныг дагавал сарны гэрэл гэдэгчлэн ухаантай, эр зоригтой найз нөхдөөсөө сайны үлгэр авч, давуу сайн шинж бүхнийг нь биедээ шингээж авахаар чармай. “Ухаантай хосолсон эр зориг нь эр зориггүй ухааныг бодвол хүнд илүү тус болно”. Дутууг чинь гүйцээж, дундуурыг чинь дүүргэж явах хүчтэй, чадварлаг хүмүүстэй ойр шадарлан үерх.

“Сулхан хүнийг нөхрөө болгосноос дайснаа болгосон нь дээр”. Нөхдийн хийснийг үнэл, өөрийн хийснийг чамла. Хар дотортой хүмүүсийн хар муухай санаанд хууртаж хагацашгүй сайн нөхөртөө хар буруу санаж, хорсол өвөрлөн бүү цухалд. Зүрх сэтгэлдээ хар толбо тээж явснаас нүүрэндээ хар тос нялсан нь дээр. Эв эвдэх хэрээн хошуутны хорон үгийн тоншилтыг хэрэг болгож бүү сонс. Үнэнийг үл мэдэх мунхгийн шалтгаанаар үнэнч нөхрөөсөө холдож, үг хэлээ ололгүй хагацаж ч мэднэ. Нөхрийн талаар буруу ташууг сонсвол нүүрэн дээр нь ил хэлж, сэтгэлээ нээн тухлан ярилцаж, нүүр нүүрэн дээрээ цайрч, санаа амар. Хүн сэтгэлээсээ ярьж байхад сэтгэлээсээ сонсож сур. Ухаан муутад учирлан ойлгуулах гэж үйл тамаа үзэх хэрэггүй. Ухаан мууттай ярилцах усанд чулуу хаяхтай адил. Нөхдийн амжилтанд чин сэтгэлээс баярлаж байна уу, нэр бодож ёс гүйцээж байна уу гэдэг нь хэлж буй үг, хүргэж буй аялга, харж буй харцнаас үндсэндээ тодорхой.

Шагнал урамшил хүртсэн найздаа шазуур зуун баяр хүргэе гэж

Page 50: Titem ug Bagabandi

заналтай нь аргагүй хэлж байх юм гэнэ. Магтах нь бүү хэл загнах шахам баяр хүргэсэн гаж тохиолдол байсан тухай сонслоо. Нааш харж баяр хүргээд, цааш харж муу хэлдэг нөхрийг жаргалтай цагийн сайн найз гэж хэлэх аргагүй. Найз нөхөд нь аз жаргалтай байгааг хараад ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг цухалдан бачуурч, арцалдан аашлах огт хэрэггүй л байхгүй юу. Жаргалтай үед үнэнч найз нөхөд яагаад цөөрдөг буюу огт үгүй болдог юм бэ? Айлсан амьсаад сүрхий байсан тэдний хооронд ан цав үүсэхийн үндсэн шалтгаан нь атаа жөтөө хэмээх шулмын хорлол гүйсэнтэй холбоотой. Хайрлах сэтгэлд нь атаа жөтөө, шунал тачаалын хор нэвчсэн хүн сайн нөхөр чинь хэвээр байна гэж санахын ч хэрэггүй. Тэд хайрлаж нигүүлсэх мэт дүр эсгэж дөнгөнө.

Гэтэл тэр нь өнгө цагаан, өр хар нигүүсэл байдаг юм. Тийм хүмүүсийн найз нөхдөө хайрлах хайр нь үлээхэд алга болдог тоос төдий, ялихгүй, шалихгүй. Ийм хүмүүсээс гэгээлэг эрчим ялгарна гэж үгүй, хаяа нь өлзийгүй, хаялга нь өгөөжгүй. Харанхуйгаас харанхуй л төрнө. Ажил төрөл нь амжилттай сайн, аз жаргалтай, алдар хүндтэй амьдарч яваа анд нөхдөдөө атаархан цухалдаж, дотор сэтгэлээ үзэн ядахуйн нянгаар хордуулж яваа хүмүүс энэ амьдрал, ирэх төрөлдөө ичвэл таарна. Найз нөхрийнхөө жаргалтай үед нь өөрт ирсэн баяр, жаргал мэт сэтгэл зүрхнээсээ хамт баярла.Зовох цагт хүн чанараа таниулсан, түүнчлэн жаргах цагт хүн мөсөө харуулсан анд нөхдөө хайрлан хүндэтгэ.

Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана2009-12-13 02:56

Н.БАГАБАНДИ

Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг.

Page 51: Titem ug Bagabandi

Баян ядуу хоёр, айл саахалт зэрэгцээд байж байгаагийн учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. Чи баян цатгалан байх уу, ядуу тарчиг амьдрах уу гэдгийг төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг нь зураад заагаад өгчихдөг гэх номлол сургаалыг бишгүйдээ л нэг сонссон байлгүй. Хувь тавилангийн зааж зурчихсан замаас гажих займчих, өөрчлөх тэгшлэх аргагүй гэж бодож итгэн, төөрч мунгинаж яваа хүмүүс өч төчнөөнөөрөө. Ялангуяа өөрт учирсан азгүй тохиолдол бүрийг хувь тавилангийн зурлага мэтээр хүлээн авч, тэрхүү хуурмаг итгэлдээ хүлэгдэн боолчлогдсон байх нь харамсмаар.

Төөрөг тавилангийн гэх нүд чихгүй урсгалыг сохроор даган хүлцэнгүй хөвж явах нь аль ч талаас нь бодсон сайн үйлдэл огт биш. Аливаа хүн өөрийн төрсөн нөхцөл байдлаас бус хөлс хүч, саруул ухаан, хичээл зүтгэлд дөрөөлөн өндийн өсч, дээшлэн дэвждэг гэсэн итгэлийг залуу хүн бүр зүрх сэтгэлдээ өнө үүрд хоногштол тодоос тод сийлж, насан туршдаа даган мөрдөх хэрэгтэй.

Эд баялаг цас бороо шиг үүлнээс бууж ирэхгүй, өвс ногоо шиг газраас урган цэцэглэхгүй. Эд баялгийг толгойгоо гашилган бодож, хөлсөө дуслуулан ажиллаж байж хураан хуримтлуулна. Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана. Зүрх зориггүй, аймхай хулчгар, үлбэгэр дорой нэгэн эд хөрөнгийг өөрөө хураан хуримтлуулж, эзэн суусан байхыг сонссон, харсан хүн байна уу? Тийм тохиолдол урьд хожид байгаагүй, одоо цагт байхгүй, хожим хойно ч байхгүй нь нэн тодорхой. “Зориг байгаа газар зам нээгддэг” гэх их эртний зүйр үг байна. Зориг дутвал эд хөрөнгөнд хүрэх зам чинь үргэлж хаалттай, давшгүй саадтай, дийлэшгүй бартаатай, хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хөрөнгө мөнгөний тухайд хүмүүс янз бүрийн бодол, араншинтай байдаг нь сонин. Өнгө шилж, мөнгө хөөж явах шиг гутамшиг байхгүй гэж үздэг, ярьдаг хүн цөөн ч гэсэн байна. Мөнгөний төлөө улайрч, яахаас ч буцахгүйгээр харайлгаж явдаг балай этгээдүүд ч бий. Хөрөнгө мөнгөтэй болох хий хоосон мөрөөдлөө нүдээ ширгэтэл харж, хөрөнгө мөнгөнд умбах цаг мөчийг элгээ бэтгэртэл хүлээх мөртлөө хуруугаа ч хөдөлгөх дургүй, билгийн нүд нь сохорч, сэтгэлийн илбэнд хууртсан, эрдэнэсийн санг хэзээ ч эс үзэх залхуучууд газар сайгүй алхайна. Хүний юмаар хүүдэгнэж, олох долоох болохоор ов мэх бүхнийг хэрэглэн оготоны нүхээр ч ороод гарахад бэлэн, ичих нүүргүй хулжин зальхайчуудтай хамт ам бардам, ажил шалдан ойворгончууд ч олширсон. Хүрэх зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээх тэнгэрлиг үйлстэй хайрламаар сайхан хүмүүс ачааны хүндийг үүрч, баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулж байна. Ийм хүмүүс манай үеийн баатрууд, бахархан дуурсах алдартнууд. Эд нар амжилтын цоожтой хаалгыг нээх хувьтай эзэд нь. Энэхүү цоожны шидэт түлхүүр нь тэдний эр зоригийн төмөр авдарт хадгалаастай байдаг юм. Жинхэнэ эр зоригтнууд л тэр шидэт

Page 52: Titem ug Bagabandi

түлхүүрээр амжилтын нууц цоожийг нээн онгойлгох азын тэнгэртэй. Залуус та нарын эр зориг өвсөнд хаясан зүү шиг нуугдмал бус, өвсөнд ассан гал шиг дүрэлзэж байх ёстой. Хийж бүтээх хүсэлдээ шатаж яваа эр зориг хэмжээлшгүй хүч чадлыг агуулсан байдаг. “Зориг гэдэг бол хүч чадлын зэвсэг юм”. Хувь заяа ямагт зоригтны талд байдаг болохоор, зоригтой золбоотой байж л хувь заяагаа өөдрөг жолоодох болно. “Зоригтой хүнд хэцүү зүйл гэж байдаггүй”.

Эрс шийдмэг зоригтой шийдвэр хийж бүтээхийн амин сүнс. Хүчирхэг хийгээд ухаалаг шийдвэр гаргаж сурах нь амжилт ололтын ширгэшгүй ундрага. Шийдмэг бусаар дүлэгнэж суугаа хүнээс амжилт аль эрт алслан холдсон байдаг юм. Эд хөрөнгө зоригтой бөгөөд ухаалаг шийдвэрийг дагаж буй болон, арвижин баяжина. Бүтээлч сэтгэл, хомхой сэтгэл хоёр гал ус мэт харш. Бүтээлч сэтгэлийн бороогоор услагдсан цэвэр хөрсөнд эд баялаг бүрэн гэсээгүй хөлдүү шахам газрыг түрэн цасан дороос ургах хаврын яргуй мэт цэцэглэн үржинэ. Хомхой сэтгэлийн бороогоор услагдсан бохир хөрсөнд хог ургамал соёолохоос ховор олдох эд хөрөнгө урган төлжихгүй.

Зоригтой, ухаалаг шийдвэр гаргах чадвар нь зав чөлөөгүй махран ажиллах дадал, шинийг эрэлхийлэх чадвар, санаачилга, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа зэрэг олон сайн шинж чанаруудтай эвсэн нийлж байж баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулах сан хөмрөг бүрэлдэн цогцолно. Шийдвэр гаргахдаа зоригтой бөгөөд хурдан, ажил үйлс эрхлэх хүч нь түүнээсээ илүү зоригтой болоод хурдтай байх юм бол эд баялаг эхийгээ дагасан унага, тугал мэт чамайг бараадан даган урсаж цутгаад ирнэ.

Аливаа томоохон ажлыг хийхээр барьж авахын өмнө би үүнийг ямар ч эргэлзээгүйгээр хийж чадна гэсэн бат итгэлтэй болоорой. Ямар ч хүнд хэцүү ажил байсан түүнийг би заавал хийж чадна гэсэн чанд хатуу итгэл өвөрлөн явсаар ард нь гарч үр шимийг хүртэх тавилантай. Зорьсон ажлаа эхэлж чадахгүй цаг алдаад, эхэлсэн ажлаа дуусгалгүй шантрах зориг мохоо хүмүүс том үйлийг бүтээх хувьгүй. Бусдын хийж чадахгүй үйлсийг бүтээж байж хүсэл мөрөөдлийн ноён оргилд гардаг юм.Эрсдэлгүйгээр бүтэх том ажил энэ орчлонд үгүй. Эрсдлээс айн хулчийдаг зүрх зориггүй хүний ажил хэргийн ирээдүй бүрхэг харанхуй. Эрсдлийг даах эр зориг их үйл хэргийг бүтээн цогцлоох эрч хүчийг дагуулна. Сүйрвэл би сүйрье гэх эрсдэл даах эр зоригоо хөвчилсөн, ажилч хичээнгүй хүнийг эд баялаг эзнээ дагах сүүдэр мэт ойрхон дагана.

Шинийг сэдэх, байхгүйг санаачлах, шилдгийг бүтээх хүслээр жигүүрлэ. Шинийг сэдэх, шилдгийг бүтээх хүсэл эрмэлзлийн гал дөл чинь бөхөж унтраагүй цагт чи эд хөрөнгийн нэр төртэй эзэн суусан хэвээр байна гэдэгтээ бүрэн итгэлтэй, нүүр

Page 53: Titem ug Bagabandi

бардам бай. Үргэлж шинийг бүтээх хүсэл эрмэлзэл чинь чамайг байнга ирлэн хурцалж, хөгжүүлэн чадваржуулсаар байна.

Хүн авьяастай болоод хөдөлмөрч бол оюуны том бүтээлийг орь ганцаараа суугаад туурвих бололцоотой. Харин эд баялгийн том бүтээлийг дан ганцаар бүтээх боломжгүй. Гар, сэтгэл нийлсэн хамт олноороо махран зүтгэж байж их хэргийг гүйцэлдүүлнэ. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулсан ажил хэрэгч, чадварлаг, дуулбал дуу нэг дугтарвал хүч нэг хамт олон их үйл хэргийг бүтээхэд тулах тулгуур, зүтгэх зүтгүүр нь болно. “Тавьсан зорилгод хүрэхэд ажил хэрэгч байдал мэдлэгээс дутуугүй хэрэгтэй”. Ажил хийж, ачаа үүрэх чадварыг нь тэргүүн эгнээнд тавьж гол үзүүлэлт болгон албан тушаал дэвшүүлдэг зоригтой, эрс шууд үйлдэл нь удирдагч хүний хамгийн шилдэг давуу чанаруудын нэг.

Эрсдлийг сөрөн, чадварыг дээдлэн, чадварлаг хүнийг чадах ажилд нь яаж ажиллуулахаа мэддэг удирдагчийн эр зориг болон удирдахуйн ур дүйг хүндэтгэн бишрэхээс аргагүй. Удирдагчийн мэргэн ухаан, ажиллагсадын хичээнгүй зүтгэл найрал хөгжим мэт найрсан зохицсон газарт амжилт ололт бялхаж байх нь эргэлзээгүй. “Цэргүүдийн гавьяа даргынх нь ухаанаас хамаардаг” гэдэг нь маргашгүй үнэн билээ. Хийх гэж байгаа ажлаа гарын алган дээр байгаа мэт тольдон харж, хийж байгаа ажлаа атгандаа оруулан базаж байж хүсч мөрөөдсөнөө бүтээж, хүлээж бодсон үр шимээ хүртэнэ.

Та нар хатуу ширүүн өрсөлдөөний эргүүлэг дунд ажиллаж амьдарч байна. Та нараас түрүүлж яваа хүмүүстэй адилхан цагт унтаж, дутуухан юм уу ав адилхан ажиллаад тэднийг гүйцэж чадахгүй, тоосонд нь даруулаад хоцорно. Тэднээс бага унтаж, тэднээс илүү хэмнэж, ухаан илүү зарж, уйгагүй махран ажиллаж байж зэрэгцэн очиж, амьдралын чанар адилсана. Ер нь эдийг арвилж олдог, эд байвч өртэй бол эдлэх хувьгүй гэдэг үгийг марталгүй санаж явууштай. Түүнчлэн “хүнийг баян болгодог зүйл бол олж байгаа мөнгө биш, харин үлдэж байгаа тэр мөнгө” байдгийг ухаар.

Саяын тоо нэгээс эхэлдгийг бодож, хийж бүтээснээ бага гэж голохоосоо өмнө барагдашгүй үржихийн ерөөл өргөж, улам ихийг бүтээх урам онгодоо тэтгэ. Сайн сайхан утга төгөлдөр ажил хөдөлмөрөө хайрлан, сайн сайхан амьдралын төлөө уйгагүй хичээн зүтгэ. Уйгагүй хичээл зүтгэл эд баялагт хөл болж хүргэнэ, эрхэм буяныг гар болж хураана.

Хүний замаар хурдалжявснаас өөрийн замаар гэлдэрчяв2009-12-13 03:06

Page 54: Titem ug Bagabandi

Өөрийнхөө явах амьдралын замыг найдвартай сонгон олж, хүний хорвоод байр сууриа баттай эзлэх нь хүний дайтай хүн байгаагийн утга учир билээ. Би чухам ямар замаар явж, чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн чандмань эрдэнээ эрж хайж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол, унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. “Өндөр зорилго биелэгдээгүй ч бай, нэгэнт хүрсэн нам зорилгоос үнэтэй”.

Өндөр зорилго өөд мацахад чамайг шулуун дардан, цэцэг бүрхсэн зам угтан тосно гэж эндүү андуу бодох хэрэггүй. Тэр зам өөдөө уруутай, энхэл донхолтой, донсолгоо доргиотой. Дэгэн догонтой, бартаа саадтай тэр замыг өөрөө засч, амьдралын замаа өөрөө бүтээн дархалж явах нь чиний өөр хэнд ч найдалгүй, хэнтэй ч хуваан үүрэхгүй үүрэг. Чи өөрийн дархлах замаараа өндөр уулын сүмбэр оргилд хад асга, эгц цавчим элгэн хад, цас мөсөн саадыг туулан туучин, аажим зугуухан өөд авирч буй мэт ядаргаа зүдэргээтэй урагшлан дээшилнэ.

Буцаж няцаж, халирч халширч болохгүй. Хүний зассан шулуун замаар хурдлах учир ерөөл амьдралын чинь аль нэг мөчлөгт учран тохиож магад. Гэхдээ хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч явах нь өлзий буянтай. Шулуун замаар гэлдэрч яваа хүн замаасаа гаран, орон займчин гүйж яваа хурдан гүйгчээс түрүүлнэ. “Яаралгүй алгуурхан яваа хүнд ямар ч зам урт байдаггүй. Аян замд хичээнгүй бэлтгэсэн хүн зорилгодоо лавтайяа хүрнэ”. “Хэрэв зам нь зорилго өөд хөтөлж байвал түүний урт ямар байх нь хамаагүй”. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ.

Урагшилж дэвших, ухарч доройтох аль ч үед урагшаа зөвхөн урагшаа гэсэн сэтгэлээр итгэл төгс тэмүүл. Урсгал ус өмхийрдөггүй, ургаа мод хувхайрдаггүй шиг урагшаа ахиж, зорилго өөдөө тэмүүлэн, хичээн зүтгэж байгаа хүн зэвэрч хоцрогдон, бусдаас сүүлдэж, олноос орхигдоно гэж үгүй. Харин “урагшаа явахгүй байгаа хүн арагшаа явж байдаг. Зогсонги байрлал гэж байдаггүй” гэсэн бодит үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй.

Өндөр зорилт дэвшүүлсэн хүн өөртөө өндөр шаардлага тавих ёстой. Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө зогсоо зайгүй, эргэлт буцалтгүй тэмц. Товлосон зорилго өөд жинхэнэ ёсоор тууштай тэмүүлэн тэмцэх нь түүнд хүрэх амжилтын тэн хагас нь. Амьдралдаа том зорилго тавьж, түүнийхээ төлөө бүх хүчээрээ тэмцдэг

Page 55: Titem ug Bagabandi

тэр хүн л гагцхүү аз жаргалтай. Хүрэхийг хүсч байгаа зорилго чинь нэвт харагдах тунгалаг шил адил нэн тодорхой байх учиртай. “Хэрэв юунд хүрэхийг хүсч байгаа нь тодорхой бус бол ямар ч үйл хэргийг сайн гүйцэтгэж чадахгүй”.

Тодорхой зорилготой бол түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгслээ эрж хайж олно. Эрээд олохгүй төөрч будилах үе тохионо. Тэр цагт хэрэгцээт арга хэрэгслийг өөрийн ухаанаар бүтээн бий болгож цогцлооно. Харин суут хүмүүс “эрж явдаггүй, олдог”  байна. Зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө зарсан уйгагүй хөдөлмөрийн үнэ цэнийг, ер нь аливаа ажлын ашиг шимийг тэр дор нь бус, хүлээж байж хүртдэг гэдгийг хүүхэд, залуустаа ойлгуулж, тархинд нь суулгаж өгөх нь бидний үүрэг. Бүх юм өөрийн цагтай. Бүх зүйлийг нэгмөсөн шууд хийж чадахгүй. “Бүхнийг нэгмөсөн шууд хийчих гэж оролдох нь юу ч хийхгүй гэсэн үг”. Хамгийн өндөрт хүрэх зорилготой бол хамгийн дороос эхлэх учиртайг мартаж болохгүй. Азгүй явдал–гэмт үйлдэл биш. Харин өөрт байгаа боломжоосоо доогуур зорилго тавих нь зөөлнөөр хэлбэл арчаагүй байдал, хатуугаар хэлбэл гэмт үйлдэл. Хүрч чадахаасаа өндөр, хийж чадахаасаа илүү зорилго тавь. Хүмүүс чамайг хэзээ ч хүрч чадахгүй гэж басамжлан харах тэр оргил руу тэмүүлэн зүтгэ. Ингэж байж чи өөрийгөө аажим аажмаар өөд нь, дээш нь татаж, боломжгүй мэтээр холын хол төсөөлөгдөж байсан зүйл алхам алхмаар ойртсоор бодит биеллээ олохыг биеэр мэдэж, улам цааш урагшлан мацах зориг хүчээ мэдэрнэ.

Үйл хэрэг, үйлдэл хөдлөлөө өөрийн ухаанаар жолоод. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх сургамжтай үг бий. Бусдын ухаанаар өөрийн замыг бүтээнэ гэж санахын ч хэрэггүй. Эзэн хичээвэл заяа хичээдэг болохоор оюун ухаанаа зөв зарж жолоодон хувь заяаны зам мөрөө зөв засч хөтөлж яв. Агуу уужим далайн усыг алгаараа хутган хэмжиж болдоггүй шиг амьдралын зам мөрийг яг таг урьдчилан харж, яс тооцоолох боломжгүй. Гэхдээ барагцаа баримжаагаа төсөөлж тооцож байх хэрэгтэй. Нэг үндэснээс ургасан бут хүртэл урттай богинотой байдаг шиг нэг эцэг эхээс төрсөн хүмүүсийн амьдралын түвшин дээр дор, сайн муу аль аль нь бий. Үүнийг хувь тавилан, заяа төөрөгтэй холбон тайлбарлах хүмүүс байдаг ч энэ нь тэдний сурсан эс сурсан, хичээн зүтгэсэн, хичээл зүтгэлээ дутуу дайчилсан, амьдралын замаа зөв сонгосон эсэх зэргээс голлон шалтгаалсан байдаг.

Амьдралаа сайн авч явахын тулд амьдралын замаа зөв сонго. Уул, толгой хоёрыг ижил зайнаас харж болдоггүй. Жижиг толгойг харахыг хүсвэл түүн рүү ойрт, том уулыг харахыг хүсвэл түүнээс холд. Түүний нэгэн адил жижиг зорилт тавьсан бол ойрын зайнаас хар. Том зорилт дэвшүүлж, алсын замыг сонгосон бол холын зайнаас харж, хүрэх аргаа тооц. Залуу хүн бүр холыг баримжаалж, томд зорих хүчит тэмүүлэлтэй, ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн амьдрах учиртай.

Page 56: Titem ug Bagabandi

“Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахад л хүний амьдралын аугаа их утга учир оршино”. Юуны төлөө амьдарч, юуг хүсч, юунд тэмүүлж байгаагийнхаа утга учрыг мэдэхгүй таамгаар яваа хүмүүс нэн эмгэнэлтэй. Юу болж, яаж ч байсан байгаа орчиндоо сүүдэр тусгаж харлуулан бүү харанхуйл. Байгаа орчноо нар шиг гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд зул шиг ч болов гэрэлтүүлэхийг эрмэлз. Амьдралын зам мөрөө хөөж явахад алдаж онох, төөрч будилах учир явдал хэнд ч тохиож магад. Замын хаана зогсож байгаагаас хаашаа ямар чиглэлд хөдөлж байгаа нь илүү чухал. Зөв зүгт, зөв замаар урагшла. “Амьдрах гэдэг бол зогсолтгүй урагшлахыг хэлнэ”. Өөрийн зам мөрөө зөв олохын зэрэгцээ буруу зам мөр хөөсөн хүмүүст туслах нь зөв хүний хүлээх ёстой үүрэг. Түүнчлэн өөрийг чинь буруу чиглэлд чангаах өрөөлийн буруу үйлээс сэрэмжлэн хамгаалах сэтгэлийн тэнхээ, итгэлийн дархлаатай бай. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Сайны мөр дагаж, муугаа засч явах нь амьдралын замаа тэгшлэх ухаалаг алхам. Явах зам тодорхой бус, гарах гарц тодорхойгүй бол цэцэн мэргэд, хянуур хашруудыг дагавал тэд боломжтой гарцыг заагаад өгнө гэх сургамжтай үг бий.

Хүний амьдралын замд өөдлөх уруудах, урагштай урагшгүй, бүтэх бүтэхгүй их бага хэмжээгээр бүгд тохионо. Унах ойчих үе ч ирж магад. Хүн унах бүр ухаан орж, ойчих бүр оюун тэлэх чадвартай байх ёстой. Урагштай явахдаа биеэ магтаж, урагшгүй явахдаа бусдыг хараах нь сайн араншингийн шинж төрх биш. Ажил төрөл чинь бүтэмжгүй үед урам хугарах хэрэггүй. Уруу дорой үедээ намрын навч шиг чичрэн, өөрийгөө муу заяанд төрснийг гайхан хараан зүхэх бүр ч хэрэггүй. Амьдралаа гэгээлгээр харж, маргаашийн сайн сайханд итгэх итгэл бишрэлээ дээдлэн, санасан зорьсондоо хүрэхийн төлөө чармайн зүтгэ. Эс тэгвээс уруу дорой, үхээнц арчаагүй байдал харах нүдийг чинь халхалж, алсын байтугай айл саахалтын чинээхийг ч харахгүй хараа харалган нэгэн болгон хувиргана. Уруу царай, урагшгүй явдал урагшлах замд чинь хөндөлсөн тээглэнэ.

Бидний дээдэс санасан бодсондоо хүрч чадахгүй халирхай, хүрэхээр тэмүүлэхгүй залхуу хүнийг “санах нь сарнаар, явах нь нарнаар” хүн дээ гэж чамлан, тоож үздэггүй байсан юм. Ямагт хэн нэгний мөрөөр сажилж явахаас аргагүй болтлоо дор орж болохгүй. Өөрийн замаа өөрөө бүтээх насандаа бусдыг сохроор дагах, бусдаар хөтлүүлэн газарчлуулах амар дөт замыг сонгохгүй байхыг хичээ. Бусдын зам тусдаа, чиний зам өөртөө. Зуун зам төөрөгдөл рүү, ганц зам үнэн рүү хөтөлдөг гэдэг. Үнэний замаар, шударга шулуунаар мөлхөөд ч болов урагшла. “Юу шударга болохыг ойлгож, юу сайхан болохыг мэдэрч, юу сайн болохыг хүсэх нь ухаалаг амьдралын зорилго мөн” гэдгийг залуу хүн бүр дотор ухаандаа бодож тунгааж яваг.

Нацагийн Багабанди

Page 57: Titem ug Bagabandi

Урагшлах хүний санах сэдэх нь их2009-12-13 03:20Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл-гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаанаараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.Н.БАГАБАНДИ Чиний оюун ухаан дотор насан турш цадталаа идэх хоол чинь бэлэн зэхээстэй бий. Гадаа хэвтсэн төмөр зэвэнд идэгддэгийн адил оюун ухаанаа тордон ажиллуулахгүй зөнд нь орхивоос төмөр адил зэвэрнэ. Ашиглаж байгаа түлхүүр байнга гялалзаж байдаг шиг ажиллаж байгаа уураг тархи эзнээ гялалзуулна. Мэлхий хэчнээн дэвхрээд намгаас холдохгүй. Түүний адил оюун ухаанаа дайчлахгүйгээр урагш ахина гэж үгүй. Чөдөртэй морь шиг дороо дэвхэцсээр цагийг барж, насыг илээнэ.

Хүн бүрийн оюун ухааны сан хөмрөгт урагш ахиж, улам дэвжих нөөц хүч хангалттай бий. Урагш ахихын тулд урагш нь түлхэх хүч хэрэгтэй. Урагш түлхэх эрчит хүч бол санаачлага юм. Хүн бүхэн санаачлагатай, байнгын ажил хэрэгч санаачлагатай байхыг хичээ. Санах сэдэх дадалтай, санаачлах сэхээрэх ухаантай хүн бусдын дор орж, ард үлдэнэ гэж үгүй. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундрага билээ. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцорч, ахиж дэвжихгүй орхигддог юм.

Шинийг сэдэн хийхэд ч, хуучнаа тордон сайжруулахад ч бүтээлч санаачлага хөдөлгөгч хүч нь болно. Санаа сэдэл байнга өгдөг, шинийг сэдэгч санаачлага нь булгилж оргилсон булгийн ус шиг мөнхийн ундрагатай хүний оюун ухаан ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг. Үр ашигтай санаа сэдлийн үнэ ханш хаана ч, хэзээ ч үргэлж өндөр байна. Санаачилна гэдэг бол бодно гэсэн үг. Оюун ухаандаа бодол юугаа тунгааж, олон хувилбаруудыг уралдуулан байж аль хэрэгтэйг нь сонгох сонголтоос үр ашигтай санаачлага төрнө.

Зарим хүн юу ярихаа урьдаар сайтар бодож байж ярьдаг. Зарим

Page 58: Titem ug Bagabandi

нь ярьсаны дараа юу ярьсан тухайгаа боддог. Зарим хүн юуг, яаж хийх тухайгаа сайтар бодож байж үйлддэг. Зарим нь хийж, үйлдсэнийхээ дараа юу хийчихэв ээ гэж боддог. Тэр ч бүү хэл өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн халаглан харамсдаг. Юу ярих, яаж хийхээ эхлээд ухаан бодолдоо сайтар эрэгцүүлэн боддог болохыг хичээн эрмэлз. Сайтар тунгаан бодсон яриа, үйлдэл харайхад хөл, хазайхад түшиг болж, урагш ахих замыг чинь түнэр харанхуйд ч гэрэл гэгээ гарган зааж хөтөлнө. Үйлдэх үйл ажлаа урьдаас эрэгцүүлэн бодохын хамт өнгөрсөн явдлаа сайн муу талаас нь сайтар эргэн бод. Тунгаан дотроо бодохын хэрээр элий мунхгаас салж амарна. Бодох тусам чи ухаанаа улам улмаар хурцлан ирлэнэ. Хурц ухаан л шинийг сэдэх, байхгүйг санаачлах, оргүйг зохион бүтээх шидтэн билээ.

Ухаан бодолдоо тунгааж аливаа зүйлийг үйлдэх нь онцгой чухал, мэдээж. Гэхдээ ухаан бодолдоо бодож хийсэн бүхэн өөгүй тэгш, алдаагүй төгс гэж үзэж дүгнэж хараахан болохгүй. Бодол ухаандаа бодож ширгээсэн бүхэн алдаа мадаггүй, буруу зөрүүгүй гэж хэлбэл үнэнд үл нийцнэ. Буруу бодол толгойд эргэлдэх үе бишгүй л байдаг. Алдаж бодохыг алийг тэр гэх вэ. Оюун ухаан өөрөө алдаанаас ангид биш. “Бага боддог хүн их алддаг”. Алдаж боддоггүй буюу ерөөсөө алдаа гаргадаггүй хүн ухаантай байдаг гэвэл хэтэрхий хөнгөн гоомой хэрэг. Тийм хүмүүс байхгүй. Байж ч таарахгүй. Ноцтой бус алдаа гаргадаг, түүнийгээ тэр дор нь хялбархан засч чаддаг хүн л ухаантай байдаг.

Алдаагаа хүлээн зөвшөөрч байж л түүнийгээ засна. Алдааг хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийн биеэ засах шалгарсан арга, дараагийн алдаанаас сэргийлэх дархлаа билээ. Алдаагаа өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөхгүй зөрүүдлэх мөртлөө өрцөн дотроо гэмшин санаа зовдог хүмүүс бий. Энэ нь хүний төрөлх араншингийн ил илрэх нэг шинж болохоос адгийн муухай үйлдэл биш. Алдаа нь гарцаагүй үнэн байхад мугуйдлан тас зөрүүдэлж гаднаа ч, дотроо ч өөрийгөө өмөөрөн өрвөлзөх нь л адгийн муухай үйлдэл.

“Алдаа бол буруу бодомжийн нэг уршиг. Харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж”. Урагшаа их ахихын тулд алдаа бага гарга. Алдаа арагш нь чангаахаас урагш нь хөтөлдөггүй юм. Алдаанаас айж бэмбэгнэн

Page 59: Titem ug Bagabandi

гараа хумхин зүгээр суугаад байх нь алдаа гаргахаас дутуугүй адаг муу үйлдэл мөн. Алдахаас айдаг хүн урагш ахихгүй, эргэж хурган, эргэлзэж тээнэгэлзсээр олохоосоо дутаж, олноосоо хоцорно. Сайн муу нийлж сав дүүрдгийн адил амьдрал өөрөө алдаа, онооны дэнсэн дээр тогтоно. Алдаа нь жижиг, оноо нь том байх өөдрөг сэтгэлийг ухаан бодолдоо тээн урагшла.

Аливаа зүйлийг аль болох гэрэл гэгээтэй талаас нь бодож, гэрэл гэгээтэй талыг нь эрж хайж бай. Гэхдээ гэрэл гэгээг сүү-дэр ямагт дагадгийг мартаж болохгүй. Хэрэв чи амласан төлөв-лөснөө хэрэгжүүлж, ажил хэрэг амжилттай сайн байвал найз нөхөд чинь чамайг бүр их юм хийж чадна гэж урмаар тэтгэн баярлуулж, чамаар бахархана. Харин өөнтөглөн өрсөлдөгч чинь даахгүй нохой булуу хураана гэгч боллоо гэх байлгүй. Ажил хэрэг чинь бүтэлгүйтвэл арай л хэрээс хэтэрсэн том юм барьж авч дээ гэж найзууд чинь өмөөрөн өмгөөлнө. Харин өөнтөглөн өрсөлдөгчид чинь түүний мэддэг чаддаг гэж юу байсан юм хэмээн гоочлон, хорыг чинь маажна.

Магтаал, шүүмжлэл хоёрыг эн тэнцүүхэн хүлээж авч сур. Цагийг нь олж хэлсэн урам магтаалын цөөн боловч үг урагш ахихад чинь урам зоригийн жигүүр хайрлана. Шүүмжлэл чихэндээ сонсох нь амандаа давс хийсэн мэт гашуун. Аманд орсон давс уусан хайлдгийн адил шүүмжлэл ч гэсэн урсан өнгөрнө. Ажил хэрэгч шүүмжлэлээс ажил амьдралаа урагш-луулах зоримог алхам, золбоо хийморийн эрч хүчийг олж ав. Хүн хор, шартай байна гэдэг муу юм биш. Чамайг урагш хөтлөх бас нэг нөөц хүч бол чиний ухаан бодлын мухарт нууцхан хадгалагдаж байгаа хор шар. Бусад хүний хийсэн бүтээсэн, сайн сайхан бүхэнд хордож шардан өөрийгөө битүүхэн зовоож, байж суух газраа олж ядан хавчигнах биш, өөрийн хор шараа би түүний эн зэрэгт хүрэх ёстой, хүрээд зогсохгүй, илүү гарна гэх эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн хүчит зай цэнэг болгон ашигла. Нэр байна, хор байна чи ингэж чадах ёстой.

Үргэлж урагшлах үлэмжийн их хүсэл тэмүүллээр жигүүрлэхдээ сайныг бодож, сайханд тэмүүлэх санаа бодлоо сааруулан хувиргаж болохгүй. Муудсан хоол ходоод гэдэс өвтгөдөг бол муу бодол оюун ухааныг самууруулна. Сайн, муу хоёрыг салгаж, ялгаж сонгохдоо санаж мэдэж байх нэг зүйл бий. Сайныг бодож үйлдсэн үйл муу үр дагавар авчирч болно. Муу

Page 60: Titem ug Bagabandi

үйл сайны үр авч ирэх ч ёсон бий. Гэхдээ сайны үр суулгасан бол сайн үйл бүрэлдэнэ, муугийн үр суулгасан бол муу үйл бүрэлдэнэ гэж бодож итгэж явахаас аргагүй. “Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй. Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй”.

Оюун ухаанаа зөв зүгт, зөв үйл рүү залан урагшла. Суваг шуудууг буруу зүгт ухвал ус буруу зүгт урсана. Ухааныг буруу зүгт залбал буруу үйлдэлд хөтөлнө. Өөрт бугшин хоргодсон буруу зөрүү үйлдлээ уг үндсээр нь, ул сууриар нь сайтар таньж мэд, дараа нь тэдгээрийг үндсээр нь таслан үгүй хий. Модны үндсийг тасалбал навчис аяндаа хагдарна. Хог ургамлын үндсийг тасалбал иш нь аяндаа хатаж хагдарна. Үнс болж түлэгдсэн буурцагнаас үр соёолох ерөөлгүйн адил муу муухай, буруу зөрүүгийн үрийг тарьчихаад сайн сайхан, зөв зүйтэйн үр дүн хүлээх тавилангүй.

Зөв болгоныхоо үрийг соёолуулж, зөв мөрт нь ургуулж чадвал зөв үйлдэлт, зөв явдалт, бусдын хүндлэлийг хүлээсэн эрхэм сайн хүн байна. Бусдын хүндлэлийг зүй ёсоор хүлээнэ гэдэг нэн сайхан үйлс, нэр төрийн хэрэг. Зохих ёсоор хүртээгүй хүндэтгэл усгүй газар гүүр тавьсантай адил. “Зохих ёсоор аваагүй хүндэтгэлээс түүнгүй байх нь хавьгүй дээр”.

Залуу хүн бүр холыг зорьж, томд тэмүүлэн, ихийг бүтээх хүсэл мөрөөдлийн ноён оргил өөд ширтэн харж, улам улмаар урагшлан ахиж амьдрах ёстой.

Хүмүүжил хүнийг бүтээдэг2009-12-13 03:35Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.

Page 61: Titem ug Bagabandi

Нэгэн гүн ухаантан “Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. “Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.

“Хүний хүмүүжил түүний төрсөн цагаас эхэлдэг. Нялх хүүхэд хэдийгээр ярихгүй, сонсохгүй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас өмнө буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хүүхдийн хүмүүжилд хамгийн гол хүмүүс бол эцэг, эх. Бүх аав, ээж хүүхдээ шилдэг сайн хүн болоосой гэж хүсдэг, үүний төлөө чадах бүхнээ зориулдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хүүхдийг айлгаж хүмүүжүүлнэ гэдэг нь сайн арга ерөөс биш.

Хүүхдүүдийг айлгах замаар тэдэнд зөвхөн жигшүүрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хөөцөлдөмтгий байдлыг төлөвшүүлнэ. “Номхотгох, дарангуйлах, хүчирхийлэх замаар олдсон бүхэн хэврэг хуурамч бөгөөд найдваргүй байдаг”. Хүүхдийг хэт их эрхлүүлж, эрх дураар нь байлгаад байвал хосгүй сайн хүн болчих юм шиг төөрөгдөл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зөв арга биш. “Хэрэв хүүхдүүдэд юу хүссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мөрөөдөн тэнэг зүйл үйлдэх бололцоо олгох юм бол бид хүмүүжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бөгөөд улмаар тэдэнд аливаа муу бүхний эх сурвалж болох тэвчээргүй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.

Эцэг, эхчүүд өөрсдийн амьдралын туршлага, үг хэл, үйл хөдлөлөөрөө үр хүүхэддээ хүмүүжлийн тулгын чулууг нь тулж өгнө. Хамгийн чухал хүмүүжлийг хүн өөрөө олж авна. Хүмүүжлийн эд эсийг бүрдүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгчид, үерхдэг найз нөхөд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, үздэг кино, уншдаг ном. Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хөдөлмөрч зан чанар төлөвшинө. Сайн хүмүүжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хүүхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгүй хүсэл мөрөөдөл нь байх учиртай. Сайн хүмүүжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.

Page 62: Titem ug Bagabandi

Хүмүүжлийн доголдолтой хүний амьдрал нь ч доголдолтой, ажил үйлс нь ч доголдолтой. “Хүмүүжил хүнийг өөрийг нь бүтээдэг” юм. Сайн хүмүүжилтэй хүн мэдээж сайн хүн. Сайн хүмүүжил хүнийг хальтрахад нь тулж, хазайхад нь түшиж, өндийхөд нь тусалж, өөд нь татна. Түүгээр зогсохгүй “сайн хүмүүжил нь хүнийг муу хүмүүжилтэй хүмүүсээс маш найдвартай хамгаална”.

Үг яриа бол хүмүүжлийн асар хүчтэй зэвсэг мөн. Гэхдээ сайн зүйлд үгээр хөтлөхөөс үлгэрлэж дагуулах нь илүү үр дүнтэй. Сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко хүүхэд хүмүүжүүлэх үйлстээ үгийн ур чадварыг үлгэрлэн үзүүлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр “хэцүү хүүхдүүдтэй” ажилладаг байв. Хүүхдүүд сургуульд сурахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээний төмс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.

Сургалтыг хөдөлмөртэй хослуулсан нь харж хандах хүнгүй, орон гэргүй орхигдсон хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ хөдөлмөрийн хүмүүжил төлөвшүүлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хүүхэд алим боловсрох яагаа ч үгүй, түүхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хүмүүжүүлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хүүхдүүдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хүүхдүүдийн хувьд хамгийн хүсэшгүй зүйлийн нэг. Хэрэг тарьсан хүүхдүүд хэзээ дуудах бол гээд түгшээд хүлээгээд байж. Их удаан айж түгшин хүлээсэн боловч дуудсангүй.

Намар боллоо. Хүүхдүүд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хүн бүрт ургацын дээжээсээ өгдөг уламжлалтай, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Өдрийн хоолон дээр хүүхэд бүрийн өмнө өөрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нөгөө хэргийн эздийн өмнөх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгүй байна гээд дор бүрнээ шуугилдан гомдоллов.

Яг тэр үед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгүй байна гэв үү? Та нар өөрсдийнхөө жимсийг аль эрт хураачихсан шүү дээ гэж тэр нухацтай нь аргагүй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгүй. Түүнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгүй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагүй гэж нөгөөдүүлийн нэг нь хожмоо их нэр хүндтэй хүн болоод дурсамжиндаа өгүүлсэн байна.

Миний нэг унгар найз “Тоглоомоор дамжуулан хүүхдэд техникийн сэтгэлгээ төлөвшүүлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн үедээ ямар

Page 63: Titem ug Bagabandi

дэмий сэдэв сонгоо вэ гэж шүүмжлэх аястай байснаа бүтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хүүхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хүүхдэд танин мэдэхүйн зөндөө зүйлийг таниулж мэдүүлнэ. Тоглоомоор хүүхдийн зан авирын төлөвшилтийг залж чиглүүлэх боломжтой. Хүн өөдтэй хүмүүжихийн чухал үндэс нь түүний зан авирын төлөвшилт. Тоглоом хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. “Хүүхдийн тоглоомонд асар гүнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зүгээр ч нэг үг биш.

Хүүхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаармаар. “Сайхан мэдрэмж бүхий хүмүүжилгүйгээр өв тэгш хүнийг өсгөн бойжуулж болохгүй”.

Эх нь хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. “Хэнээс төрсөн нь бус, хэнтэй нийлдэг нь л хүний жинхэнэ мөн чанарыг тодорхойлно” гэх үг бий. Найз нөхдөөр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дүгнэдэг нь аль ч үндэстний нийтлэг үнэлэмж. Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг үйхэд л хоол чинь бүхлээрээ хор болдог шиг хүн нэг л буруу зүйлд оролцоод эхэлбэл хүмүүжил нь бүхэлдээ хорлогдож болохыг мэд. “Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хүн бүр мэдэж байх учиртай.

Хүүхэд залуусыг зөвхөн муу занд сургахгүй байхад хүмүүжил хэрэгтэй төдийгүй бас тэднийг сайн талаар өөрчлөхөд хүмүүжил зайлшгүй шаардлагатай. “Хүмүүсийг өөрчлөхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Түүнд үзүүлэх нөлөө нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хүмүүжлийн гол үүрэг нь хүнийг ямар ч нөхцөлд хүн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хүнд сорилт шалгалт, бэрхшээл хүндрэл учирлаа ч гэсэн хүнээрээ үлдэж чадах хүн байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх зарчим болох ёстой.

“Хүмүүс бол сайн арчилж тордохгүй бол олигтой ургадаггүй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зүйрлэл бий. Ер нь муу хүмүүжилтэй хүнийг дахин хүмүүжүүлэхээс хэцүү зүйл гэж үгүй. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай өвөг дээдэс тунчиг зөв онож хэлсэн байна. Гэхдээ буруу өсгөсөн, муу хүмүүжилтэй хүн бүрийг бүрмөсөн алдагдаж гүйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сүүл газар хүрэх үед л засрах байхдаа гэж үзэж зөнд нь хаяж болохгүй.

Page 64: Titem ug Bagabandi

Тэдэнд хүн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хүн өөрөө хичээж, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хүмүүжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хүртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хүн буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино.

Хүнийг хүмүүжүүлэхэд гардаг том, жижиг алдаа зөндөө бий. “Хүмүүжүүлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал”. Хүүхэд бүрт өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь томчуул өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгүй гэдэг.

Ямар ч үед, ямар ч асуудлаар алтан боломжууд хүүхэд, залуус та нарыг хүлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нүдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. “Бүх бүтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хүмүүжил олсон хүн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хүрэх боломж хүн бүрт бий. Яагаад гэвэл “хүн бүр сүүлчийнхээ өдрийг хүртэл өөрийгөө хүмүүжүүлж байх ёстой”.

, Гомдлыг уураартайтгаруулдаггүй галыгтосоорунтраадаггүй2009-12-13 03:44

Н.БАГАБАНДИ

Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч амар. Голдоо

Page 65: Titem ug Bagabandi

ортол гомдон хөрж хатсан сэтгэлийг гэсгээн дэвтээх үнэхээр хэцүү. Хамгийн ойрын хүмүүстээ харамсмаар муухай үг бүү хэл. Сэтгэл зүрхээрээ чамайг гэж явдаг хүнд сэтгэлд нь сэв суухаар сэрэмжгүй үг битгий хэл. Салшгүй сайн нөхөддөө марташгүй муухай үгийг бүү дуулга. Чамд найдаж, чамд итгэж, хорвоо дээрх хосгүй хүмүүсийн нэг гэж чамайг дээдэлж ирсэн хүмүүстээ хор хүргэж, хорсол дагуулах хорт муу үйл бүү үйлд.

Итгэсэн нөхөр нь инээсэн дайсан болох шиг муухай юм энэ хорвоод үгүй. Эдгээр мэт үг, үйлээр гомдоох аваас тос шиг сэтгэл нь царцаж, сүү шиг сэтгэл нь ээдэж, голдоо ортол ч гомдож мэднэ. Ар араасаа цувсан аймшигт гомдлоор аль ч хүнийг бүү залхаа. Ганц ганцхан дусал нэмсээр ган торхноос хальдагийн адил бага багаар, ар араас нь цувуулан гомдоовол баяр жаргалаар дүүрэн байсан сэтгэлийн ган торхонд гомдлын мөс хуралдан зузаарсаар алдрайхан сэтгэл алдарч, баяр жаргал нь багтаж шингэхээ болин асгарч, нүдний аяганаасаа мэлмэрэх нулимс адил халин садран урсаж, гомдол гунигийн хүйтэн мөс сэтгэлдээ тээж явах болно. Гомдол гунигийн мөс хүйтэн бөгөөд хатуу, хүнд бөгөөд дарамттай, дааж явахад хэцүү.

Хайлдаггүй мөс байдаггүй гэх боловч, хэт хөрж хөрзийсэн сэтгэлийн мөсийг гэсгээн уяраах туйлаас хүнд. Сэтгэлд хургасан гомдлын жаврыг сэтгэл зүрхний дуудлагатай намуун аядуу үг л хөөн зайлуулах увидастай. Хэн нэгнийг гомдоосон бол гомдол гунигийг нь заавал тайлж бай. Энэ бол өөрийгөө хүндэтгэдэг журамт хүний үүрэг. “Аар саархан гэмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод”. Сэтгэлдээ битүүхэн гомдол тээж явахын хэрэгцээ үгүй. Юунд гомдсон, яагаад гомдсоноо далдлан нуух биш, ил хэлж гомдлоо тайлж, сэтгэлээ амраа. Гомдлыг уур уцаар дагах нь хөллөсөн шар үхрийн араас тэрэг дагах лугаа. Гомдсон сэтгэлийн учир шалтгааныг ургуулан бодох тусам уур уцаар улам бүр дүрэлзэнэ. Уур уцаараар гомдлыг тайлна гэж санахын ч хэрэггүй. Уур, биеийг зовоохоос өөр гавьяагүй. Сэтгэлд хургасан уурлах бухимдах харанхуй орон зайд учрыг олж хужрыг тунгаах ухаан тэвчээрийн гэрэлт нарыг авчирч байрлуул. Уурыг, уураар ялахгүй, уурыг ухаан тэвчээр хоёр л ялж дийлж чадна. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйж сур. Уучлал гуйна гэдэг түүний өмнө гэм буруутай гэдгээ ухаарч байгаагийн шинж тэмдэг төдийгүй боловсон

Page 66: Titem ug Bagabandi

соёлтой хүний зайлшгүй хийх ёстой эелдэг үйлдэл, гомдлыг тайлах хамгийн дөт зам билээ. Өрөөл бусдад гомдож өөрийгөө зовоож байснаас өөрөө өөртөө гомдож сур. Өөрийн гомдлыг тайлах нь өөрөөс чинь хамаарах санаан зоргын хэрэг. Өөртөө гомдож байгаа хүн уур уцаарын хүлээсэнд баригддаггүй.

Өөрөө өөртөө гомдож байгаа хүнд уур уцаарын оронд уужуу сэтгэл, уучлах зөн мэдрэмж төрдөг юм.Хүн хийх гэсэн ажил нь бүтэхгүй, хүрэх гэсэн санаандаа хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, уурлан бухимдаж эхэлдэг. Уурлаж бухимдсанаар урдах ажил нь бүтчихнэ гэж үгүй. Ултай суурьтай уужуу тавиу бодож, ухаан зарж, аргыг нь олж байж хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ ойртоно. Хүнийг цэвэр бус дотоод сэтгэл нь хамгийн ихээр зовооно. Хэрэв өөрийгөө барьж, өөрийгөө дарж байхгүй бол уур уцаар, атаа жөтөөнд баригдан, сэтгэлийн гэмүүд бий болж чамайг зовооно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд дор дороосоо ундарсаар, дээр дээрээ овоорсоор байх болно. Сэтгэлийн гэмүүд дотроос адгийнх нь атаа жөтөө билээ. “Атаархагчид яагаад дандаа ямар нэг зүйлд гоморхож байдаг вэ? Яагаад гэвэл тэднийг өөрсдийнх нь бүтэмжгүй хэрэг төдийгүй, бусдын амжилт ч шаналгадаг” юм. Атаархагчид ямагт гуниг гоморхол тээж явна. Яагаад гэвэл өөрт тохиолдсон золгүй явдалд гуниж гоморхохын зэрэгцээ, өрөөл бусдад аз тохиоход мөн л энэ зовлонгооэдэлж сууна. Атаархал нь баяр цэнгэлийг мэддэггүй дотоод сэтгэлийн гажиг. “Атаархлаас өөр ямар ч гажиг хүмүүсийн сайн сайхан байдлыг тийнхүү хорлодоггүй, атаархлын халдвар авсан хүмүүс өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулдаг”.

Гомдлыг цаг цагт нь тайлалгүй удаан хадгалвал буцалж байсан гомдол өшөө хорсол болон дэврэнэ. Өшөө хорсол тээж явах нь өөрт ядаргаатай, өрөөлд хорлонтой. Өшөө хорсол хэмээх сэтгэлийн гэм даамжирвал үзэн ядалт болон хувирч болзошгүй. Ийм байдалд хүрвэл бусдыг занал зүхлээр далайлгах төдийгүй өөртөө хар зовлонг даллан дуудах болно. Үзэн ядалтын уур хилэн цээжиндээ тээж яваа хүний ухаан бодолд өшөө хорслоо тайлах зовлонт үр боловсорч цаг үргэлж тамлан тарчлаана. Үнэнийг сонсох дургүйчүүд үнэнийг хэлсэн хүнийг үзэн яддаг. Энэ бол адгийн үзэн ядалт.

Page 67: Titem ug Bagabandi

Үнэнд дургүй хүмүүс дөрвөлжин нүхэнд гурвалжин мод тааруулах гэж зүтгэн муйхарлана. Үнэнийг сонсох нь тэдний хувьд тэнгэр ниргэж, газар цөмрөхтэй адил. Үзэн ядалт сулхан хүмүүсийн уур хилэн боловч, атгаг санааг агуулж байдгаараа аюултай. Бусдыг үзэн ядаж өөрийгөө тарчлаах хэрэг байхгүй. “Үзэн ядалт бол хамгийн хүнд, хамгийн дур гутам гинж бөгөөд түүгээр нэг хүн өөрийгөө нөгөөтэй холбож болдог, харин түүний төгсгөлүүд нь хорсол болон айдаст нэвчсэн байдаг” гэж нэгэн зохиолч бичсэн байна. Хэн нэгнийг үзэн ядсанаар чамд яасан ч сайн зүйл авч ирэхгүй. Үзэн ядах, өшин хорсох хорт сэтгэлээ татаж авахгүй бол өшөө авах аймшигт алхамд түлхэж мэднэ. Хүн үйлдсэн үйлийнхээ хэр таарсан үр дагаварыг л амсдаг болохоор муу үйл үйлдээд сайн үр дагавар хүртэнэ гэж гэнэн царайлж горьдохын хэрэггүй. Газар дорх үндсийг гараар тасалж болдоггүй шиг чиний дотор хуримтлагдсан сэтгэлийн гэмийн үндсийг хэн нэгэн тааж мэдээд, таслаад өгчихөж чадахгүй.

Сэтгэлдээ хорлонт гэмийг үүсгэж хэрэггүй, үүссэн бол хадгалж хэрэггүй, хадгалахгүй байхын тулд өөрөө тэр бүгдийг гарган хаяж, сэтгэл юүгээ хог новшноос цэвэрлэх хэрэгтэй. Гомдож уурлах нь угаасаа хүний сайн мэдрэмж биш. Гомдолдоо шатаж, уурандаа дүрэлзэж яваа хүн өөрийгөө түлж хуйхлахгүй ч гомдож уурласан хүнээ түймэрдэн хуйхлах нь холгүй явна. Хүсч байсан хүсэл нь биелэхгүй, хүлээж байсан үр дүнгээ үзэхгүй бол хүмүүс хэн нэгэнд гомдоно. Гомдол нь уур хилэн, зэвүүцэл болон дүрэлзэж ч мэднэ. Олон хүн зэрэг зэрэг уурлах нь оволзон давалгаалах үерийн уснаас өөрцгүй. “Үзэн ядалт зэвүүцэлтэй хослохоороо ямар ч дөнгийг сэгсэрч чадах хүчийг олдог” гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гомдож зэвүүцсэн сэтгэлийг тайлах хамгийн сайн арга нь гомдсон, гомдоосон хоёр уулзан учирч, сэтгэлээ нээн ярилцаж, хэл амаа олох явдал билээ. Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харсан хүмүүс эгцэлж урд, урдаасаа харах төвөгтэй ч хүсэл эрмэлзэл, найдвар итгэл байх аваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй. Өнгөрсөн муу явдлыг хойш тавьж, өрнөх сайн ирээдүйн тухай ярилцах сэтгэлийн хат, итгэлийн жигүүр ямагт хадгалагдан үлдэхучиртай.

Түмний хэргийг түрүүнд нь бодон, төрсөн биеэ дараа нь бодож,

Page 68: Titem ug Bagabandi

уур хилэн, үзэн ядалтын гал дээр зэвүүцлийн тос нэмж хавь ойроо хаман түймэрдэх харалган бодлоо эгнэгт орхи. Буруу, зөвийг ямагт ялгаж зааглаж болдог юм. Мууг мартан сайныг санаж, удаан тунгаан, уужим сэтгэж, зөвшин ярилцаж, зөвийг ол. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй ээ.

Нэгэн аймгийгтусгаартогтноохшахсанминь2009-08-26 12:50Нэгэн аймгийг тусгаар тогтноох шахсан минь Компанийн захирал болмоор байна уу? Хэрэггүй дээ, том сэтгэ л дээ, улс байгуул. Амархан ш дээ. Би туршлагаа та нарт ярья, хэрэг болж магад. Би анх хэдэн малчин хөлсөөр ажиллуулж эхлээд, аажмаар томорч, арван жилийн дотор хэдэн мянган малчинтай болж, мал маань ч хэдэн саяд хүрсэн юм. Олон ч үйлдвэр байгуулж, ажилчид маань ч хэдэн зуун мянгад хүрч, нийгэмд байр сууриа бэхжүүлэхийн тулд, намаа байгуулах шаардлага ч аяндаа гарлаа.

Нам байгуулахын өмнө, би бүс нутагтаа байр сууриа бэхжүүлж, аймгийнхаа удирдлагаар барахгүй, зэргэлдээх аймгуудын удирдлагыг ч гартаа оруулж, нөлөөгөө тогтоосон. Сайдуудыг бол зовох юмгүйгээр тархийг нь барьсан. Яасан гээч, аймгийнхаа нэг сургуулийг Боловсролын сайдын нэрэмжит болгоод, сайдын хөшөөг босгочлоо. Төв эмнэлгээ Эрүүл мэндийн сайдын нэрэмжит болгож, хөшөөг нь босгосон. Манай улсад тэр үед, байгууллагыг хэн нэгний нэрэмжит болгоход баримтлах журам шалгуур байхгүй байсан юм. Ямар сайндаа Чингис сити-д, энэ хот чинь тэр үед Улаанбаатар гэж нэртэй байсым, дүүргийн дарга нар хөшөөгөө босгоод алийгаа алдаж байсан үе. Сүүлд нь залуус тэр хөшөөг нь дэлбэлж, төр засаг ашгүй хууль гаргаж гайгүй болсон юм ш дээ. Сайндаа ч биш юмаа, барилга барих зайгүй болчоод, барилгын компаниуд нууцаар дэлбэлээд хаячихсан гэсэн. Цагдаагийнхан уг нь мэдэж байсан ч гэсэн, цаанаа дэмжиж байсан юм болохоор, нэг их мөрдөж шалгалгүй тэгсгээд намдсан.

Би зорилгоо биелүүлэхийн тулд, Ерөнхий сайдад нөлөөлж байгаад, Орон нутгийн хөгжлийн яам байгуулж, сайдаар нь өөрийн хүнээ томилуулсан юм. Энэ нь их учиртай. Би хэтдээ өөрийнхөө аймгийг тусгаар улс болгох бодолтой байсан юм. Тусгаар улс байгуулахын тулд, тийм яам байгуулж, яамаар дөрөөлөөд, орон нутагт илүү их эрх мэдэл олгох асуудлыг бодлогоор УИХ-д

Page 69: Titem ug Bagabandi

тавих, холбогдох хууль боловсруулж, Засгийн газраас УИХ-д хууль өргөн мэдүүлж батлуулах хэрэгтэй байлаа. Батлуулж ч чадсан юм. Бидний хамгийн том амжилт бол, аймаг нутаг дэвсгэртээ хууль тогтоох эрхтэй болж, Монгол улс мөн чанартаа, холбооны улс шиг болсон юм.

Би энэ хооронд, НҮБ-ын тогтоолууд болон тусгаар улс болоход ямар шалгуур байдаг, нийгэм-улс төрийн ямар нөхцөл бүрэлдсэн үед, тусгаар улсын статус олгодог зэргийг судалсаар байсан юм. Дээр үед, Орос Америк гэсэн нөлөөтэй том улс холбоотнуудтайгаа тохироод л, шаардлагатай аль нэг улсын дотор үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдээгээд, аажмаар иргэний дайнд хүргэчээд, цэрэг оруулж, энхийг тогтоохдоо мөнөөх мужаа тусгаар тогтнуулчихдаг байсан юм. Сүүлд, үндэстнээр шалгуур хийдэг зарчим нь хуучраад, яаж тусгаар тогтнуулаад байгаа арга үйлдэл нь олон нийтэд ил болоод, үйлчлэх хүрээ нь хумигдаад ирэхээр, том улсууд сонирхсон мужаа эдийн засгийн талаар бие даалгах бодлого баримтлах болж, шахалт үзүүлж байгаад НҮБ-ын тогтоол гаргуулчихсан юм. Энэ нь миний сонирхолтой яв цав нийцэж байлаа. Тэд ч манай аймагт хөрөнгө оруулалтыг ёстой цутгаж, бид ч хөгжиж, төв засгийн газраас царай алдаад байх юм бараг байхгүй болж, ер нь л өрх тусгаарлах нөхцөл бүрдээд ирлээ. Тэр үед, Монголын засаг захиргааны систем нь ч, хууль нь ч боловсронгуй биш байсан нь сайхан боломж бүрдүүлсэн юм. Харин би нэг алдаа гаргаснаа хожим нь мэдэж, бүх юм баларсан юм даа. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа, Улсын засаг захиргааны системийг өөрчлөх эрхийг зарчмын хувьд УИХ-ын бүрэн эрхэнд хамруулсан заалтыг хэвээр нь үлдээчихсэн нь миний хамаг төлөвлөгөөг нураачихсан юм. Би ч, тусгаар тогтнуулах асуудлаар мэргэшсэн, олон улсын аль л сайн хуульч шинжээчдийг хөлслөөд, бүх юм бүтдэгийн даваан дээр, гэнэт УИХ-аас захирамж гараад, Монгол Улсын засаг захиргааны системийг өөрчлөөд, аймгуудыг байгалийн бүсээр нь тэгшитгэн нэгтгээд, нийтдээ 4 том аймаг болгочив оо хэхэ. Энийг ёстой гэнэт хийсэн дээ тэд нар. УИХ, Засгийн газарт байсан манай хүмүүс ёстой юу ч мэдээгүй байхад нь, гэнэт Их Хурал, Засгийн газрын хамтарсан тусгай чуулган 2 өдөр гадагшаа гарахгүйгээр, танхимдаа хооллож ундлаж хуралдаад л шийдчихсэн. Тэгээд, манай аймгийг өөр 4 аймагтай нэгтгээд, хамаг юм орвонгоороо эргэхгүй юү.

Сүүлд сонсохнээ, Талын аймаг бас баларсан гэсэн. Тэд ч манайхыг бодоход, нэг ястнаас бүрдсэн, ашигт малтмалаар хөл дээрээ босчихсон, ер нь юу юугүй тусгаар улс болох гэж байсан юм байх. Хиллэдэг улсууд нь ч цаанаас нь их туслаж байсан гэсэн.

Хөгийн явдал байгаа биз дээ? Яах аргагүй л болсон явдал юм даа. Та нар залуучууд, тэр НҮБ энэ тэрийн тогтоол, том улсуудын харц хөдөлгөөнийг сайн

Page 70: Titem ug Bagabandi

л харж байгаарай даа. Нэг мэдэхэд л хамар дороос чинь нэг аймаг нутаг алдраад явчихаж магадгүй шүү. Засаг захиргааны системийг эгзэгтэй үед өөрчилж байх нь зөв шүү. Янз бүрийн бодлогыг тас цохих зорилго ч байж болох шүү дээ. Хэдэн уул толгод, хэдэн мал малчнаа даргалж үлдэх маргаанаас илүү эрх ашиг, илүү бодлого байж магад шүү дээ.

Бас над шиг тусгаар улс байгуулъя гэсэн нь надаас илүү бодлоготой хөдлөх биз.

Ч.Чимэгбаатар

№4. ТИТЭМҮГ2009-08-01 15:31

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.

Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах;

Page 71: Titem ug Bagabandi

харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн. Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. “Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх” гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. “Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр” гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. “Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна” гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ёсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь “Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө”.Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүүрнээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурханы сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш.             Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй.  Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий. “Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”. Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө.Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай

Page 72: Titem ug Bagabandi

муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй. Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсөгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. “Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн зангаар удаан ханилж үл болох” гэж монгол ардын сургаалд өгүүлдэг. Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу. Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод.Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. “Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас чинь хавьгүй дээр” гэдгийг санаж яваарай. “Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш. Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр, надад хэн зусарднав тэр миний дайсан” гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. “Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу”.Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.

НАЦАГИЙН БАГАБАНДИ

- : X Багабанди титэм үг элсэн үгэндээ эзэн бол23/04/2011 — www.gegeen.com [email protected]  Rate This

Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол гэж манай ухаант дээдэс сургасан. Ам ангайн хэлсэн аливаа амлалт за гэвэл ёогүй гэдэг шиг биелж байх ёстой. Амлалтандаа эзэн

Page 73: Titem ug Bagabandi

болж, андгай тангараг тавьсан мэт хариуцлагатай ханд. Хэрэгжүүлж чадахгүй бол амлахаас татгалз, амласан бол татгалзалгүй хэрэгжүүл. Ам алдвал барьж болдоггүй. Амлалтаа ажил болгохгүй ам буцах нь адгийн худалчийн араншин. Удаан хугацаанд амлаж сууснаас хурдхан татгалзсан нь дээр. Аль эрт амласан зүйл хараахан өгчихсөн зүйл биш. Хурдан амласан хүнд яаран бүү итгэ. Хэлсэн ярьснаасаа эргэж буцсан туйлбаргүй зантай байх нь хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог. Хэлж ярьснаа ор тас мартчихаад хээв нэг гэмгүй царайлах нь хуншгүй муухай. Хэлж амласнаа хэрэгжүүлэхгүй бэлэн ам, шалдан гуя болж явах бүр муухай. Газрын диваажинг газар сайгүй цогцлоочих юм шиг ам хэлээ билүүдэн цэцэрхэх мөртлөө хийсэн бүтээсэн зүйлгүй хоосон санаа, хөндий цээж царайлж, ам ажил нь алд дэлэм зөрсөн хүнд хэн дуртай байх билээ дээ.

Үгэнд биш, үйлэнд нь итгэ. Үнээнээс саасан сүүг эргүүлээд хөх рүү нь хийж болдоггүй шиг амнаас алдагдсан үгийг арагш нь залгих аргагүй. Хийх үйлсээ сайтар бодсоны дараа хэлэх үгээ амнаасаа унага. Хэлээгүй үг чиний албат, хэлчихсэн үг чиний ноён. Хэн хэлснээ хийнэ тэр хүн, хэн хэлэлгүй хийнэ тэр арслан, хэн хэлснээ хийхгүй байна тэр илжиг. Хүн шиг хүмүүс хэлснээ хэрэгжүүлж, амласнаа биелүүлдэг байна. Би чамайг одоо барьж иднэ гэж арслан ан амьтанд урьдчилан сануулж хэлдэг бил үү? Үгүй шүү дээ. Араатны хаан арслан бүхнээс хүчтэй учир тааралдсан ангаа тааллаараа зооглоно. Харин, арслан хэчнээн ядарч өлслөө ч нохойн хоолоор хооллохгүй. Ухаан муутай мулгуу, илжиг шиг тэнэгүүд л ёроолгүй саванд ус хийх адил хэлснээ хийхгүй, амласнаа биелүүлэхгүй асгадаг байна. Илжиг шиг хүний эхнэр битгий бол, болчихсон бол илжигний хүнд ачааг үүрэх хүндхэн тавилан угтана.Ямар нэг зүйл өөрөөс нь хүсч гуйвал үгүй гэж хэлж чаддаггүй өр зөөлөн, өрөвч тусархуу хүмүүс зөндөө бий. Тэд бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс. Хорвоод бүтэх ажил, бүтэхгүй ажил гэж байна. Юм бүхэн өөрийн гэсэн цагтай байдаг болохоор цаг алдах, хугацаа өнгөрөх гээд саад бэрхшээл мундахгүй. Амласнаа биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ чилээн, өөрийгөө зовоон зүтгэх нь тэдний хувьд үнэнхүү жаргал. Бүтээгээгүй буюу цагт нь амжуулаагүй үйл тусынхаа төлөө өөрөө буруутай юм шиг сэтгэл өвдөн, санаа зовж, дотроо шаналах хүн мөс сайтай, бусдын төлөө зүрх нь цохилох хосгүй гайхамшигт хүмүүс үнэхээр бахархам. Чадах зүйлээрээ бусдад тус нэмэр болох нь миний хүн болж төрсний нэг утга учир гэж бодож үйлдэж явах нь залуу хүн бүрийн амьдралдаа мөрдөх зарчим байх учиртай.Зарим хүн нэрэлхүү. Бүтээж дийлэхгүй зүйлээ нэрэлхүү зангаасаа болоод бүтээж өгөхөөр амлачихаад өөрийгөө эвгүй байдалд оруулж, тус дэм хүссэн хүнийхээ итгэлийг алдахад хүрнэ. Чадах зүйлээ чадна, чадахгүйгээ чадахгүй гэж түс тас хэлж сур. Амласнаа биелүүлж чадаагүй бол эвлэгхэн учраа хэлж, эелдэгхэн уучлал гуйх нь ёс зүйт хүний заавал хийж байж санаа амрах соёлт үйлдэл. Хүслийг гүйцээгч чандмань эрдэнэ гартаа атгаж байгаа юм шиг хамаа намаагүй, баруун солгойгүй, амны зоргоор амладаг хариуцлагагүй хүмүүс олшров. Хэлсэн үгэндээ эзэн болох чадваргүй тэдний амласан амлалт нь хоосон ам, холхиндог гутал гэдэг шиг болоод үнс салхинд хийсэх адил замхарна. Хувхай модонд мөчир үгүй, хоосон үгэнд тус үгүй болохоор хариуцлагагүй хүмүүсийн хуурай үгэнд итгэж аж амьдралаа хохироохоос сэрэмжлэн болгоомжил. Аман дээрээ ачтан буянтан шиг амлаж, ачир дээрээ алдуул мал шиг алга болдог худалч хуурамч хүмүүсийн тарих гай, учруулах хохирол нь дуусч дундрахгүй их. Хуурсан будаа үргүй, хуурамч хүнд зүтгэл үгүй. Тэдний хэлсэн ярьсан нь нүд хуурч, ам хаах төдий болохоос зүтгэл гаргаж, тус болох санаа бодлоос алс хол. Худалч хүний нээрэн олон, хуурамч хүний

Page 74: Titem ug Bagabandi

хөөрхий олон. Худалчийн яриа сүржин хэллэг, гоёл чимэглэлээр дүүрэн, хэлэх үг нь эвтэй учир хуурч төөрөгдүүлэхэд дөхөм. Хүнийг байж чадах түвшингээс нь үргэлж доош чангаан дордуулагч өсөж өөдлөхийн дайсан, бие сэтгэлд төгсгөлгүй зовлон авчрагч гай түйтгэр бол худал хуурмаг. Хүмүүсийн гэнэн цагаахан итгэлээр тоглож, худал хэлж, хуурч мэхлэж явна гэдэг хүнд шүглэсэн шулмын хүчний ад хорлол бөгөөд залуусын цэрвэж цээрлэх муу зүйлсийн нэг яах аргагүй мөн. Бичиж зурах авьяас үгүй аваас бийр үзэг барих хэрэггүйн адил биелүүлж эс чадах аваас амлалт өгөх хэрэггүй.Дуугарах газар дуугарч, дуугүй байх газарт амаа хамхиж байвал амьдралдаа их зүйл хожно. Цөөн ч гэсэн үг дуугарахдаа зөвхөн үнэнийг ярихыг эрхэмлэ. Үнэн үг тус хүргэнэ, худал үг хор хүргэнэ. Үнэн үг чихэнд хатуу ч үйл хэрэгт тустай. Үнэнийг сонсох дургүй, үнэнийг ярихад аюултай хүмүүст худал хэлдэг. Тэд худал үг сонссоор байгаад үнэнээс холдон холдсоор худал хуурмаг өдөр тутмынх нь амьдралын хэв шинж, хэвшил заншил болон тогтож, ертөнцийг худлын нүдээр харж, худлын чихээр сонсдог гаж зуршил хэвшинэ. Ийм хүмүүс үнэний заналт дайсан болох аюултай.Тэнэг хүнд ухаантай үг хэлэх харамсалтай. Эргүү хүнд үг хэлснээс элсэнд ус асгасан нь дээр гэх үг ч бий. Тэнэгтэй ярилцаж суугаа ухаантныг хараад хоёр тэнэг хөөрөлдөж сууна гэж бодно. Тэнэг зүйл ярих гэж байгаа бол ярихаасаа дуугүй байх нь хавьгүй дээр. Дуугүй байх үедээ тэнэг хүн ч ухаантай байдаг юм. Тэнэг хүн юм ярихгүй байвал цэцэн мэргэний оргил болох үе бий. Аймхай нохой зуухаасаа илүү хуцдаг гэдэг. Буруу бусармаг үйлдэл тамтаггүй ихээр үйлдэж, сэтгэлд нь айдас хургасан ухаан муутай хүн орчлонгийн түмэн зүйлийг хамаж чимэн, бантан хутган, амаа хамхилгүй бурж явдаг. Айсуй аюулыг мэдэрсэн амьтны зөн мэдрэмж нь эзнээ амар тайван байлгахгүй зовооно. Тэр үедээ биеэ өмөөрөх есөн жорын муу муухай бодлыг тархи толгойгоо гашилтал эргэлдүүлнэ. Тэдгээрийн дундаас бусдад буруугаа тохон гал руу түлхэж, өөрөө уснаас хуурай гарах башир аргуудыг бодож сонгох нь ёрын хорлонтой.Хэлэх зүйлээ хэлж зүрхлэхгүй хэтрүү номой, хэтэрхий дорой байж болохгүй, буруу хүмүүс тавлан дээрэлхэнэ. Хүний хэл баатрын илднээс хурц. Илд бариад өөрийгөө хамгаалдаггүй юмаа гэхэд илднээс хурц үнэн үгээр биеэ хамгаалах чадвартай бай. Нүүр нүдгүй балбуулчихаад дуугүй сууж байснаас хавдтал балбуулсан амаараа хамаг үнэнийг ярьж байх нь зөв. Бодлогогүй хэлчихсэн болчимгүй үгс бор шидэмсээр хоолойг чин ороож мэднэ. Ам хуурайгүй хэлж ярихаасаа урьд амьдралын шивнээг чих тавин сонсож, үнэн, худлыг ялга. “Үнэн товчхон, худал ямагт олон үгтэй байдаг”. Хувинтай сүүнд дуссан ганц халбага тараг сүүг ээдүүлж дөнгөхтэй адил үнэний дунд шургалсан ганц худал бүх зүйлийг эргэлзээтэй болгож дөнгөнө. “Худал бөөн цастай адил. Түүнийг бөмбөрүүлэх тусам улам бүр том болдог”. Ээдүүлсэн сүүг эргүүлэн сэргээж болдоггүй бол олон ам дамжин томорсон худлыг үнэн болгох боломжгүй.Сэтгэл хайрам мөс шиг хүйтэн үгс бодол санаанд чинь урсан орж ирвэл хэлэхгүй тэвчин хэлээ хазаж, урам хайрласан эелдэг дөлгөөн үгс ухаан бодолд зурсхийн орж ирвэл хармын сэтгэлгүй бүтнээр нь хэл. Эелдэг дөлгөөн үг өргөсөн сэлмийг буулгана гэх үг бий. Бүлээн дулаан үг, урам магтаалын тэжээл хүний сэтгэлийн цоожийг нээх шидэт түлхүүр мөн. Сайн ерөөл, сайхан үг төмөр хаалгыг ч онгойлгоно. Сайхан амьдруулна гэж амласан бол сэтгэл зүрхээ зориул. Сайн сурна гэж амласан бол сайтар хичээн суралц. Худал хуурмагаас хол хөндий явна гэж тангарагласан бол тангаргаа сахь. Эмнэвэл эдгэртэл нь, этгэвэл тэнхэртэл нь, тусална гэж амласан бол тусалсан шиг тусал. Хэлсэн үгэндээ эзэн бол.

Page 75: Titem ug Bagabandi

Багабанди гуайн титэм үг байх шиг байна. сайхан л бичиж гэхдээ бодит амьдрал дээр худлаа ярьж сайхан үгийг урсгаж чадаж байгаа нь илүү амжилттай яваа юм шиг байдаг ш тээ та нар минь юу гэж боджийна? 76 дотор л лав ийм хүн ховор байхаа

Сайн хүн

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.

Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.

“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. “Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.

Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? “Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа”. Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоёр багана, тулах бат тулгуур мөн. “Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм”. Санаа сайтай хүн – сайн хүн. Эртний Герегийн нэгэн сэтгэгч “Хамгаас сайн үйл юу вэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад “Хийж байгаа ажлаа сайн хийх” гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ёсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн – сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. “Хий ярихаас хийж үйлдэх нь чухал”. Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн – сайн хүн. Германы гүн ухаантан А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий. “Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс”. Өөрт

Page 76: Titem ug Bagabandi

сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. “Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн” гэж А.Линкольн тодорхойлжээ. “Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ёстой” гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан.

Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ёс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоёрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг.

“Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй”. Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноён оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа. Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ”. Энэ бол гайхамшигт “Үүлэн зардас”-ыг бичсэн суут Калидасын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна. Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ.

Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй.

Page 77: Titem ug Bagabandi

Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно.

Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. “Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй” гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз. Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус, сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн. Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү.

Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ. Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.

Page 78: Titem ug Bagabandi